Хятадын нэгэн технологийн компани гудамж талбайг автоматаар цэвэрлэж, замын хажуугийн зүлэг, модыг засаж янзалдаг хоёр төрлийн төхөөрөмжийг зохион бүтээжээ.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, энэ хоёр төхөөрөмжийг Хятадын төвийн нутгийн Хунань мужийн төв Чанша хотод байдаг “Changsha Zoomlion Environmental Industry” компани зохион бүтээсэн байна.
Тус компанийн ерөнхийлөгч Чэнь Пэйлян хэлэхдээ “Хүрээлэн буй орчны эрүүл ахуйг хангах салбар хиймэл оюун ухааны эрин үед хэдийнээ хөл тавиад байна. Бидний бүтээсэн эдгээр төхөөрөмж бол автомат жолоодлогын систем бүхий ухаалаг роботууд. Эдгээр нь гудамж талбай цэвэрлэгчдийг орлоно” гэжээ. Эдгээр төхөөрөмж нь өмнө таарсан саадыг тойрон гарч чадах аж.
Чэнь Пэйлян ярихдаа “Манай компани эдгээр төхөөрөмжийг олноор нь үйлдвэрлэхэд 3 тэрбум юань (474 сая ам.доллар), цаашид эдгээрийг төрөлжүүлэхэд 5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Ирээдүйн “ухаалаг хотууд”-д энэ төрлийн төхөөрөмж эрэлттэй байна гэж бид үзэж байна” гэжээ.
24news.mn