2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой нууц баримт бичгүүдийг олжээ

 Израилийн тагнуулын газрын олж илрүүлсэн Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой нууц баримт бичгүүд нь Иран улс цаашид цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд чиглэсэн “Амад төсөл” нэртэй баримт бичгүүдийг нууцаар хадгалж байсныг батлан харуулж байна гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

Б.Нетаньяху-гийн хэлснээр, “Амад төсөл” нэртэй цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх архивт 55 мянган хуудас баримт бичиг хийгээд компьютерийн 183 диск дэх 55 мянган баримт бичиг хадгалж байжээ.

Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Иран улс цөмийн зэвсэг бүтээх гол элементүүдийг, тухайлбал цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх аргуудыг боловсруулсан бөгөөд цөмийн туршилт явуулахад бэлтгэж байна. Иймэрхүү туршилтуудыг 5 газарт явуулах боломжтой хэмээн Иран улс үзэж байна. Эдгээр баримт бичиг нь цөмийн зэвсэг боловсруулаагүй хэмээн мэдэгдээд байгаа Иран улс ичгүүр сонжуургүй худал хэлж байгааг батлан харуулж байна. Баримт бичгүүдийг АНУ-ын тусгай албаныханд явуулсан бөгөөд удахгүй Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-руу явуулна” гэжээ.

Түүнчлэн тус баримт бичгүүдийн талаар Б.Нетаньяху Герман болон Францын удирдагчидтай ярилцсан бөгөөд энэ асуудлыг илүү дэлгэрэнгүй авч хэлэлцэхийн тулд төлөөлөгчөө тус хоёр улс руу илгээх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Харин “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Германы засгийн газрын зүгээс тус баримт бичгүүдэд нарийн дүн шинжилгээ хийхээ мэдэгджээ. 

Ираны эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлсний хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд зургаан улстай байгуулсан билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.