АНУ Израилийн Тель-Авив хот дахь ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Палестинчууд ирээдүйн төрт улсынхаа “нийслэл”-ийг гэж үздэг Иерусалимыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрч буйгаа зарласнаас хэдхэн сарын дараа энэ үйл явдал боллоо.
АНУ-аас Израильд суугаа Элчин сайд Дэвид Фрийдман өчигдөр болсон ЭСЯ-ны нээлтийн ёслолын үеэр үг хэлэхдээ “Өнөөдөр АНУ Израилийн нийслэл Иерусалим хотод ЭСЯ-аа нээж байгаад баяртай байна” гэжээ. Израиль байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцуулан АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлсэн нь энэ юм. ЭСЯ-ны нээлтийн ёслолд Д.Трампын ууган охин Иванка, түүний нөхөр Жаред Кушнер, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.
АНУ ЭСЯ-аа Иерусалимд нээснийг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху сайшаагаад “Израилийн хувьд ч, Америкийн хувьд ч гайхамшигтай сайхан өдөр тохиож байна. Өнөөдрийн энэ үйл явдал нь Ойрхи Дорнодод энх тайван байдлыг цогцлооход туслах нэгэн чухал алхам гэж би үзэж байна” гэжээ.
АНУ ЭСЯ-аа Иерусалимд нээснийг палестинчууд эсэргүүцэн Газын зурвас болон Йордон голын баруун эрэгт Израилийн аюулаас хамгаалах хүчнийхэнтэй мөргөлджээ. Үүний улмаас 55 хүн, тэдний дотор зургаан хүүхэд амь үрэгдэж, 1400 орчим хүн шархдаж, бэртэж гэмтсэн гэсэн мэдээлэл байна.
Лалын болон христосын шашинтнууд, еврейчүүдийн аль аль нь "ариун газар" гэж үздэг олон газар Иерусалимд байдаг юм.
Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг. Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ. Иерусалимын асуудлаарх Израилийн байр суурийг олон улс ч дэмждэггүй юм.
24news.mn