2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Зөвлөлдөх уулзалт хийхээр АНУ болон Израильд суугаа элчин сайдуудаа Турк улс эргүүлэн дуудлаа

 Газын зурваст өрнөсөн палестинчуудын эсэргүүцлийн ажиллагааны үеэр Израилийн цэргийн зүгээс хүч хэрэглэсний улмаас Палестины 50 иргэн амь үрэгдсэнтэй холбоотойгоор зөвлөлдөх уулзалт хийхээр Вашингтон болон Тель-Авивд суугаа элчин сайдуудаа Туркийн эрх баригчид эргүүлэн дуудах шийдвэр гаргажээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган өчигдөр мэдэгдсэн байна.
 
“Израилийн эрх баригчдын энэ үйлдэлд бид хатуу хандана. Лалын хамтын ажиллагааны байгууллагын шуурхай хуралдаан ирэх баасан гарагт Истанбул хотод болно гэж найдаж байна. Түүнчлэн бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шуурхай хуралдуулах санал тавьж, олон орны удирдагчидтай яриа хэлэлцээ хийнэ. Маргаашнаас орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж байна” гэж Т.Эрдоган “NTV” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлж байгаатай холбоотойгоор Газын зурваст эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, палестинчууд болоод Израилийн хүчнийхний хооронд үүссэн сөргөлдөөний улмаас палестины 55 иргэн амь үрэгдэж, 2,7 мянган хүн бэртэж гэмтсэн байна. Газын зурвас дахь нөхцөл байдлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хэлэлцэх аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.