2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
НҮБ: 2050 он гэхэд дэлхийн хүн амын 68 хувь нь хот суурин газруудад амьдарна

Дэлхийн хүн амын 68 хувь нь 2050 он гэхэд хот суурин газруудад амьдрах төлөвтэй байна гэж НҮБ мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав. Одоогоор дэлхийн хүн амын 55 хувь нь хот суурин газруудад амьдарч байгаа аж.

Хүн амын өсөлт болоод хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор 2050 он гэхэд дэлхийн хүн амын 68 хувь, үүний дотор Ази болон Африкийн хүн амын 90 орчим хувь нь хот суурин газруудад амьдрах төлөвтэй байна гэж НҮБ-ын Нийгэм-эдийн засгийн хөгжлийн газрын Хүн амын хэлтсээс гаргасан мэдэгдэлд дурджээ.

Дэлхийн хотын хүн амын тоо 1950 онд 751 сая байсан бол 2018 онд 4.2 тэрбум болж өсөн нэмэгдсэн байна. Одоогоор 3.4 тэрбум орчим байгаа дэлхийн хөдөөгийн хүн амын тоо 2050 он гэхэд 3.1 тэрбум болж буурахаар байгаа аж. Өнөөдрийн байдлаар дэлхийн хөдөөгийн хүн амын бараг 90 орчим хувь нь Африк болон Ази тивд амьдарч байна. Энэтхэг улс хөдөөгийн хүн амынхаа тоогоор (893 сая) дэлхийд тэргүүлж байна.
 
Японы нийслэл Токио нь дэлхийн хамгийн олон хүн амтай хот аж. Тус хотод одоогоор 37 сая хүн амьдарч байна. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот 29 сая оршин суугчтайгаар хүн амынхаа тоогоор дэлхийн хотуудаас хоёрдугаарт бичигдэж байгаа бол Шанхай хот 26 сая хүн амтайгаар гуравдугаарт орж байна. Мехико, Сан-Паулу тус бүр 22 сая оршин суугчтайгаар хүн амынхаа тоогоор дэлхийн хотуудаас дөрөвдүгээрт бичигдэж байгаа бол Каир, Мумбай, Бээжин болон Дакка хот 20 орчим сая хүн амтайгаар тавдугаарт бичигдэж байна.

2020 оноос Токиогийн хүн амын тоо буурах хандлагатай байна. Ингэснээр 2028 он гэхэд Шинэ Дели хот дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлэх төлөвтэй байна.
 
2030 он гэхэд дэлхий тус бүр 10 саяас давсан хүн ам бүхий 43 мега хоттой болохоор байна. Тэдгээрийн дийлэнх нь хөгжиж буй орнуудын хот байх аж.
 
 Хотжилтыг дагаад цөөнгүй улс оронд орон сууц, тээвэр, эрчим хүч, ажлын байр, боловсрол болоод эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэрэг олон асуудал тулгарахаар байна гэж НҮБ мэдэгджээ.

Хот суурин газар руу чиглэсэн цувааг зогсоохын тулд хот болоод хөдөөгийн оршин суугчдын аль алиных нь аж амьдралыг сайжруулах, хот болон хөдөөг холбосон зам тавих зэрэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэж олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.