2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ирээдүйн зураачид тодорлоо

Нийслэлийн Боловсролын газар, Наад брэнд хамтран “Би Монгол Хүн” гар зургийн уралдааныг эх үрсийн баярыг угтан 2018 оны 4 сарын 1-ээс нийслэлийн болон орон нутгийн бүх сургууль цэцэрлэгийн бага насны /3-10 нас/ хүүхдийн дунд зарлаж амжилттай зохион байгуулж дууслаа. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг Монгол хүн болж төлөвшихөд туслах, Монгол хүний үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаа талаарх төсөөллийг нь олон нийтэд хүргэх зорилготой зохиогдсон энэхүү уралдаанд Увс, Дорноговь, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн 9 дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд хамрагдаж нийт 980 хүүхэд багачууд бүтээлээ илгээжээ. Хоёр шатны шалгаруулалтын дүнд шилдэг 50 хүүхдийг шагналт байранд хамруулсан бөгөөд нийт 9 хүүхдийг нэг, хоёр, гуравдугаар байруудад шалгаруулсан байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Наад” брэндийн захирал С.Сайханбаяр, ”Оливка” хүүхдийн асаргаа сувилгааны төвийн захирал П.Ганчимэг, оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  “Ай Пи Консалтинг” компанийн захирал Д.Дэлгэрцоо, ”Арти кор” галлерэйн уран бүтээлч зураач Г.Жааханхүү, “Чингис хаан” анимейшн киног бүтээсэн “Ocean Pictures” студийн захирал Б.Тэнгис нар ажиллаа. Зохион байгуулагч Наад брэндийн зүгээс 1,350,000 төгрөгийн мөнгөн шагнал болон, 1,050,000 төгрөгийн үнийн дүн бүхий МиМо гэр бүтээгдэхүүн, өргөмжлөлөөр урамшуулав. Уралдаанд оролцогчдод  мэндчилгээ дэвшүүлхээр “Moon Dance’ хамтлаг ирж уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа. Уралдааныг “Хүүхдийн авъяасыг дэмжье” уриатайгаар “IceMark”, “Оливка” компаниуд гарын бэлэг өөрийн бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэсэн байна. Эцсийн шатны шалгаруулалт 5-р сарын 26-нд UB art gallery-д шилдэг 50 бүтээлийн дунд шууд зуруулах байдлаар явагдсан нь оролцогчид болон эцэг эхчүүд, үзэгчдийн таалалд нийцсэн шалгуур боллоо. Наад Брэндийн зүгээс энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийллээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.