БНСУ-ын Үндэсний музейд “Хааны эзэнт гүрэн, Монгол-2018” нэртэй тусгай үзэсгэлэн гарч байна. Сөүл хот дахь тус музейн тусгай үзэсгэлэнгийн танхимд тавдугаар сарын 16-наас эхлэн хоёр сар үргэлжлэх уг үзэсгэлэнг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, БНСУ-ын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй юм.
Дэлхийн хэмжээний стандарт хангасан үзэсгэлэнгийн танхимуудтай БНСУ-ын Үндэсний музей жилдээ нэг улсыг онцлон сурталчилдаг аж. Өнгөрсөн жил Египетийн үзэсгэлэнг дэлгэсэн бол энэ жил Монгол Улсыг сонгожээ.
Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан бэлтгэсэн энэхүү үзэсгэлэн нь нэн эртний үеэс орчин үеийг хүртэлх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөх 536 ширхэг үнэт үзмэр соёлын өвийг тайлбарлан таниулж байна. Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейн үзмэрүүдээс түрээслэн аялуулж, Евразийг дамнасан их эзэнт гүрнийг цогцлоосон нүүдэлчдийн түүх, соёлыг танилцуулж байгаа юм.
Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-Ромын домгийн бурхдын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг 534 ширхэг үзмэр дэлгэжээ. Эдгээр үзмэрээс 90 ширхэг нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалд багтаж буй юм.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Г.Эрэгзэнгээс үзэсгэлэнгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын түүх, соёлын үзмэрүүдийг Солонгосчууд хэр зэрэг сонирхож байна вэ?
-Маш их сонирхож, ирж үзэж байна. Үзэсгэлэнг нээснээс хойших 14 хоногийн хугацаанд 18 мянган хүн үзсэн гэх статистик гарсан. Солонгосчууд Монгол гэхээр тал нутгаар л төсөөлдөг байж. Энэ үзэсгэлэнгээр монголчуудын соёл ямар түвшинд хөгжсөн байсныг харууллаа гэж хүмүүс үнэлж, дүгнэж байна. Бид долоо хоног бүрийн лхагва гаригийн 19.00 цагаас үзэсгэлэн зохион байгуулагчидтай уулзалт зохион байгуулж үзэгчдэд үзэсгэлэнгийн талаар илүү ойлголт өгч байгаа юм.
Монголын тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрнүүд нь эртнээс нааш Евразийн өргөн уудам нутгийг дамнан оршин тогтнож дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн.
-Үзэсгэлэнгийн сэдэв, үзмэрүүдийн сонголтын талаар мэдээлэл өгнө үү?
-Нэн эртнээс нааш газар тариалан эрхлэн амьдарч ирсэн солонгосчуудад нүүдэлчдийн амьдралын хэвшил их сонирхол татдаг. Монголын тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрнүүд нь эртнээс нааш Евразийн өргөн уудам нутгийг дамнан оршин тогтнож дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн. Өргөн уудам тал нутгийг багтаасан Их Эзэнт гүрнийг байгуулж дорно-өрнийг холбож өгсөн нүүдэлчдийн түүх, соёлыг энгийн байдлаар ойлгуулах зорилготой энэ үзэсгэлэнг он цагийн дарааллаар гурван хэсэгт хувааж байгаа.
-Хэрхэн хувааж ангилсан хэрэг вэ?
-Эзэнт гүрнээс өмнөх ул мөр буюу Нэн эртний Монгол орон бол үзэсгэлэнгийн нэгдүгээр хэсэг. Монголын газар нутагт 800 мянган жилийн өмнөөс хүн амьдарч эхэлсэн гэж үздэг. Энэ цаг хугацааг чулуун зэвсгийн үе гэх бөгөөд хүн төрөлхтөний түүхийн урт удаан хугацааг хамаарах энэ эрин үе нь дотроо том хэмжээтэй чулуун зэвсгүүдийг голчлон ашиглаж байсан. Хуучин чулуун зэвсгийн үе, сайтар зассан хийц сайтай чулуун зэвсэг нэвтэрсэн дунд чулуун зэвсгийн үе, төгс боловсруулсан ялтсан зэвсэг ашиглаж, шавар ваар сав хийх болсон шинэ чулуун зэвсгийн үед хуваагддаг.
Нийтийн тооллын өмнөх /НТӨ/ III мянганы үеэс тал нутагт хүрэл эдлэлийг хэрэглэж эхэлсэн бөгөөд НТӨ I мянган жилийн эхнээс хүрэл эдлэлийн хэрэглээ өргөн хүрээнд дэлгэрчээ. Энэ үеийн хүрэл эдлэлүүд дотор амьтны дүрст зүйлс элбэг тохиолддог. Харин хоёрдугаар хэсэг нь Эртний нүүдэлчдийн эзэнт гүрэн: Хүннү ба Түрэг сэдэвтэй. Монголын тал нутагт НТӨ III зууны төгсгөлд Хүннү нар эзэнт гүрнийг цогцлоож, дараа нь Сяньби, Жужан улсууд дараалан тогтсон гэж үздэг.
-Энэ хэсгийн үзэсгэлэнг сонирхогчдод өгөх гол мэдээлэл юу байх вэ?
-VI зууны дунд үеэс IX зууны төгсгөл хүртэлх хугацаанд Түрэг, Уйгар, Хиргис зэрэг улс оршин тогтносон байна. X зууны эхэнд кидан нарын байгуулсан Ляо эзэнт гүрний харьяанд Монгол нутаг орж байв. Эдгээр эзэнт гүрнүүдийн дотроос Хүннүгийн эзэнт гүрэн болон Түрэгийн хаант улсын үеийн дурсгалууд сүүлийн жилүүдэд сайн судлагдах болж, судалгааны үр дүнгүүд нийтэд ил болсоор байна.
Хүннүгийн эзэнт гүрэн нь Хятадын Цин болон Хан улсын үед тэдэнтэй эн зэрэгцэхүйц хүчирхэг байсан. Хүннү нар өрнө, дорныг холбосон соёлын харилцаанд үлэмж хувь нэмэр оруулжээ. Түрэгийн хаант улс нь Умард Азийн их тал нутаг болон Дундад Азийн баянбүрд дагасан хот улсуудыг нэг захиргаанд оруулсан их эзэнт гүрэн байв. Тэдний үлдээсэн тахилын цогцолбор дурсгалуудаас эртний түрэг бичгээр бичигдсэн гэрэл хөшөөд олдсон нь Түрэгийн түүх, соёлыг ойлгоход чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм.
-Их Монгол Улсыг байгуулсан тухайд ямар үзмэрүүдийг дэлгэсэн бол?
-Гуравдугаар хэсэг буюу “Монголын эзэнт гүрэн ба Чингис хааны хойчис” сэдвийн хүрээнд тодорхой үзмэрүүдийг дэлгэсэн байгаа. Монголчууд XIII-XIV зуунд Номхон далайгаас Зүүн Европ, Сибириэс Зүүн Өмнөд Ази хүрсэн дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг цогцлоосон. Монголын эзэнт гүрэн нь Ази, Европыг холбож, маш олон улс, үндэстэнд улс төр, эдийн засаг, соёлын хувьд үлэмж нөлөө үзүүлсэн юм.
Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум болон Таван толгойн язгууртны булшнаас илэрсэн олдворууд нь тухайн үеийн ахуй амьдралын хэвшлийг үзүүлж чадахаар гайхамшигтай үзмэрүүд л дээ. XVI зуунаас эхлэн Түвдийн Буддын шашин өргөн дэлгэрч эхэлснээр Монголын нийгэмд томоохон өөрчлөлт оржээ. Буддын сүм хийдийн нөлөөгөөр суурин амьдралын хэвшил нэвтэрч эхэлсэн байна. Өндөр гэгээн Занабазарын байгуулсан хийд болон түүний урласан шашны бүтээлүүд нь тухайн үеийг төлөөлөх чухал соёлын өвүүдийн дээжээс дэлгэж байгаа.
-Солонгост Монгол судлал ямар түвшинд хөгжсөн бэ?
-Монгол судлалын хувьд Солонгос харьцангуй уламжлал сайтай. Энэ чиглэлээр судалгаа хийж, үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн холбоо байдаг. Монгол хэлний сургалттай их сургууль ч бий. Энэ тусгай үзэсгэлэнд зориулан зургаадугаар сарын 8-ны өдөр Төв Ази судлалын нэрт эрдэмтэн, Сөүлийн Их сургуулийн профессор Ким Ху Дун “Монголын эзэнт гүрэн, монголчуудын дэлхийд үзүүлсэн нөлөө” сэдвээр лекц уншина. Үзэсгэлэнгийн туршид өдөрт гурван удаа хөтөчтэй тайлбар хийж байгаа.
-Үзэсгэлэнг зохион байгуулснаар манайд ямар ач холбогдолтой гэж харж байгаа вэ?
-Монголыг гадаад сурталчлах, улмаар жуулчдыг татахад энэ үзэсгэлэн ач холбогдолтой. Мөн Солонгосын талаас манай музей, хүрээлэнгийн үзмэрийн танхимд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмж бэлэглэнэ. Нөгөө талаас энэ үзэсгэлэн бол Монгол-Солонгосын соёлын талбарт хийгдэж байгаа харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааны хэлбэр болж буйгаараа онцлог. Өмнө нь манайхан зөвхөн тусламж дэмжлэг хүсдэг байсан бол энэ удаад эрх тэгш хамтын ажиллагаа болж байна.
-Үзэсгэлэнг зохион байгуулахад шаардагдах зардал хаанаас гаргав?
-Үзэсгэлэнг зохион байгуулах нийт зардал 600 сая вон болсон. Энэ бүх зардлыг Солонгосын тал хариуцаж байгаа.
-Гадаад руу гаргасан үзмэрүүд эргэж орж ирдэггүй шүүмжлэл, хардлага нэлээд байдаг?
-Энэ тал дээр санаа зовохгүй байж болно. Бид энэ үзэсгэлэнг маш өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. Соёлын салбар, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын хяналт дор үзмэрүүдийг илгээсэн. Бүх үзмэрийг долоодугаар сарын 24-нд Монголд буцааж авчирна. Авчраад мөн дээрх байгууллагуудын төлөөллийн хяналт дор тус тусын музейн сан хөмрөгт хүлээлгэн өгнө.
Орчин үеийн мэдээллийн технологийн давуу талыг шингээсэн энэхүү үзэсгэлэнг виртуалаар сонирхох бол ЭНД дарна уу.
Хөшөө Цайдамын дурсгалаас илэрсэн Куль тегины хөшөөний чулуун толгой. Түрэгийн үе буюу НТ-ын VIII зуун. /ШУА, Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөг/ Түрэгийн II хаант улсын жанжин Куль тегины дурсгалд зориулан байгуулсан тахилын цогцолбороос илэрчээ. Куль тегин нь Капган хааны хүү Инэл хааныг дарж өөрийн ахыг Билгэ хаан өргөмжилсөн Түрэгийн алдартай жанжин юм. Тэрээр ах Билгэ хаан болон Тонькук нарын хамт Түрэгийн II хаант улсыг дахин байгуулахад амьдралаа зориулсан хүн ажээ.
24news.mn