“Европын гурвал” буюу Франц, Герман, Их Британийн Гадаад хэргийн болон Эдийн засаг, санхүүгийн сайд нар, түүнчлэн Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд комиссар Федерика Могерини нар АНУ-ын Сангийн сайд болон Төрийн нарийн бичгийн даргад захидал илгээжээ.
Уг захидалд Ираны эсрэг авсан АНУ-ын хоёрдогч хориг арга хэмжээний үйлчлэлээс чухал салбаруудад үйл ажиллагаа явуулдаг Европын компаниудыг чөлөөлөх хүсэлт тавьсан байна. Эдгээр салбаруудын тоонд эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, автомашины үйлдвэрлэл, иргэний агаарын тээвэр, дэд бүтцийн төслүүдийг оруулжээ.
Энэхүү хүсэлт нь эдийн засаг, бизнесийн операторуудад АНУ-ын авсан хоёрдогч хоригуудын учруулах эрсдэлийг багасгах зорилготой гэдгийг Европын Холбооны бүтцийн байгууллагад ажилладаг, нэрээ нууцалсан төлөөлөгч хэллээ.
Үүний сацуу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө”-нөөс АНУ гарсан явдалд харамсч байгаагаа Европын Холбоо илэрхийлээд Иран улс хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нөхцөлд уг гэрээг дэмжинэ гэдгээ нотолсон байна.
24news.mn