БНХАУ-ын Циндао хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үр дүнг батлан тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчид Циндаогийн Тунхаглалд гарын үсэг зурлаа. ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дугаар хуралдааны дүнгийн баримт бичигт БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистаны удирдагчид гарын үсгээ зуржээ.
Гишүүн орнуудын удирдагчид нийтдээ 17 баримт бичгийг баталсан байна. Тухайлбал, ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны тухай Гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд 2018-2023 онд явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзлийн эсрэг тэмцэхэд чиглэсэн ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны 2019-2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталжээ.
Түүнчлэн 2018-2023 онд хэрэгжүүлэх Хар тамхины эсрэг стратегийн бодлого ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.
Дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх мэдээлэлд мөн гарын үсэг зуржээ.
24news.mn