Т.САЙХАН
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг санаачлагч хуульчдын зүгээс төрд хэмжээлшгүй эрх өгч буйг хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн тайлбар хийгээд байгаа юм.
УИХ-ын Ж.Батзандан: -Энэ хуулийн төслийг оруулж ирсэн хувилбараар нь дэмжих боломжгүй. Олон улсын жишгээ ч бид харах хэрэгтэй. Аль ч орон улс орны аюулгүй байдал, гадаад худалдаа, цөмийн энерги зэрэг асуудлууд нь Захиргааны хэргээс гадна байдаг. Манайд бол “Эрдэнэт” стратегийн ордод ордог. Гэтэл хуулиар “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг шууд шийддэг болгохоор Засгийн газар оруулж ирлээ. Захиргааны хэрэг дээр энэ асуудал унаад байгаа нь авлигад идэгдсэн хэдхэн шүүгчтэй холбоотой. Үүнд, хязгаар тавихын тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу. Би салбарын сайдынх нь санааг ойлгож байна. Бид Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах хэмжээнд асуудлыг ярьж болохгүй. Гол нь улс төрийн шийдвэр гэдэг асуудлаа татаж авах ёстой. Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч Засгийн газар “Улс төрийн шийдвэр” гэдэг тодотголоо эргэж харах хэрэгтэй.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -Гишүүдийн саналыг тусгаад, хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг жаахан хумьж өгөх тал дээр би хамтран ажиллахад бэлэн байна. Асуудлын гол нь, Захиргааны хэргийн шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг удахгүй хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбоотой намайг АН-аас АТГ-д шалгуулахаар өгөөд байгаа. Хуулийн төсөлд нөлөөлөхөөр янз бүрийн зорилтот ажлууд өрнөж байна. Тиймээс би өнөөдөр асуудлыг ил гаргаж ярьж байна. Захиргааны хэргийн шүүх дээр ийм өөрчлөлт хийж байж, “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Захиргааны хэргийн шүүх дээр очихоор авлига авсан шүүгчид нь асуудлыг унагачихаад байна. Энэ ялзралын эсрэг би хуулийн төслийг санаачилсан. Намайг өмнө нь Хууль зүйн асуудлыг эрхэлсэн сайд байхад арай ийм байгаагүй юм.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: -Энэ хуулийн төсөл яг энэ чигээрээ батлагдвал шүүхийн байгууллага нурна. Хуульчидтай байнгын хороо уулзалт хийсэн. Ц.Нямдорж сайдтай нь ярилцсан. Энэ асуудал дээр ойлголцолд хүрнэ гэж харсан. Ер нь шүүхийн байгууллага ялзарч гүйцсэн нь үнэн. АТГ одоо үүдэндээ хэвлэлийн хурал хийдэг индэртэй болох хэрэгтэй. Гол нь энэ хуулинд өөрчлөлт оруулснаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зогсоож чадах юм уу. Захиргааны хэргийн шүүх дээр агентлагийн дарга, аймгийн засаг дарга, сайдын шийдвэрийг авч хэлэлцэхгүй болж, ард түмэн хохирвол хэн тэдний гомдолыг барагдуулах вэ. Ганц нэг шүүгчдээс айгаад шүүхийнхээ тогтолцоог нураах гэж байгаа нь эмгэнэл шүү” гэж тодотгосон юм.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -“Эрдэнэт” үйлдвэр дээр УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг агентлагууд биелүүлэхээр шүүх дээр очиж унаад байна. Ингэж шүүх дээр төрийн шийдвэрийг хэрчээд байгаа учраас хуулинд нь ингэж өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа юм” гэв. Хуралдаан үргэлжилж байна.
24news.mn