2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Говь-Алтайд цагаан идээ хомс, үнэтэй байна
Говь-Алтай аймагт цагаан идээ ховор, үнэ ханш өндөр байна. Тухайлбал “Шинэ-Алтай” захад сүү нэг литр нь 2500, тараг 3500, аарц 5000, ааруул чихэргүй нь 10 000, чихэртэй 15 000, зөөхий нэг килограмм нь 10 000, шар тос нэг килограмм нь 18 000 төгрөгийн ханштай байна. 
Уг ханшийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүтээгдэхүүн тус бүр нэг килограмм нь 2000-4000 төгрөгөөр нэмэгджээ. Тус аймгийн малчид зөвхөн сүү л  нийлүүлж байгаа ба бусад бүтээгдэхүүнийг Архангай, Завхан аймгийн малчид нийлүүлж байгаа ажээ.
"Зуншлага муу байгаа учир мал тарга тэвээрэг аваагүй, өвөл, хавартаа зутруу байсан болохоор малчид сааль хийхгүй байна. Үүнтэй холбоотойгоор цагаан идээ үнэтэй, хомс байгаа болов уу" хэмээн “Шинэ-Алтай” захын цагаан идээний тасгийн худалдагч Д.Доржпалам мэдээлэв. 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.