2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Гаалийн татвараа нэмэгдүүлэх нь Америкийн компаниудад ч нөлөөлнө

“Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ногдуулах импортын гаалийн татвараа АНУ нэмэгдүүлэх нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын, тэр дундаа Америкийн компаниудад цохилт үзүүлэх юм” гэж Хятадын худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
“БНХАУ нь олон улсын худалдааны сүлжээнд чухал нөлөө үзүүлэн даяарчлалын үйл явцыг дэмжиж байгаа билээ. Дэлхийд үйлдвэрлэж буй маш олон төрлийн бүтээгдэхүүнийг Хятадын нутаг дэвсгэрт байрладаг гадаадын компаниуд үйлдвэрлэдэг. Тэгэхлээр АНУ бидний эсрэг өндөр тариф тогтоосон тохиолдолд тэр нь Хятадын ч, гадаадын ч компаниудад үйлчилнэ. Тэр тусмаа гадаадын компаниудын ихэнх нь Америкийн компаниуд байдаг” гэж Гао Фэн тогтмол хийдэг хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
 
Хятад улс Америкийн оюуны өмч болон технологиудыг хулгайлж, “шударга бус” худалдаа эрхэлж байгаатай холбогдуулан хятадын бараанд 25%-ийн гаалийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласан юм. Ийм татвар ногдуулах тухай шийдвэр долдугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болно. Үүний хариуд Хятад улс Америкийн бараанд яг адил хэмжээний татвар нэвтрүүлэх тухайгаа АНУ-ын засаг захиргаанд мэдэгдсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.