ОХУ, АНУ эсвэл Хятад улс огт санамсаргүй байдлаар дэлхийг хамарсан цөмийн дайныг өдөөж магадгүй гэж Америкийн National Interest сэтгүүлд бичсэн байна.
Сэтгүүлд бичсэнээр, дэлхийн том гүрнүүдийн ажиглалтын системүүд өмнө нь зөвхөн цөмийн цэнэгт хошуу бүхий баллистик пуужингуудын хөөргөлтийг хянаж байсан бол одоо ердийн цэнэгт хошуу бүхий пуужингуудын хөөргөлтийг хянаж байна. Ийм учраас дээрх системүүд нь цөмийн эсвэл ердийн зэвсэг ашигласан тохиолдлыг санамсаргүй байдлаар андуурч болзошгүй. Энэ нь нөгөө талаас хариу цохилт хийхэд хүргэх юм.
Дээр дурдсан улс орнууд цөмийн болон ердийн цэнэгийг нэг газарт байрлуулж, эсрэг талаа зориуд төөрөгдөлд оруулж байна. Тухайлбал, Орос улс гэхэд, цөмийн цэнэгт хошуу бүхий баллистик пуужин тээвэрлэдэг шумбагч хөлөг онгоцуудаа ердийн зэвсэглэл бүхий шумбагчууд байрладаг газарт байлгаж байх жишээтэй.
Цөмийн дайнд хүргэж болзошгүй өөр нэгэн шалтгаан нь цэргийн тусгай зориулалтын хиймэл дагуулууд дутагдалтай байгаа, түүнчлэн ажиглалтын хуучин системүүдийг зэвсэглэлээс хасч байгаа явдал гэдгийг National Interest сэтгүүлд дурдсан байна. Жишээ нь, АНУ-д цөмийн болон ердийн пуужингуудын хөөргөлтийг хянах Advanced Extremely High Frequency (AEHF) төрлийн 4-хөн хиймэл дагуул байгаа нь өнөөгийн нөхцөлд илт хангалтгүй юм. Түүнээс гадна, Америкийн Milstar гэдэг хиймэл дагуулын холбооны системийг зэвсэглэлээс хасах гэж байна.
Эл асуудлыг шийдэхийн тулд улс орнууд цөмийн болон ердийн зэвсгээ тус тусад нь байрлуулах эсвэл цөмийн цэнэгт хошууг хянах зориулалттай тусгай хиймэл дагуулуудыг зохион бүтээх хэрэгтэй гэж дээрх сэтгүүлд бичжээ. Гэвч үүнд ихээхэн хэмжээний хөрөнгө шаардагдах учраас дээрх улсууд ийм алхам хийх нь юу л бол.
24news.mn