2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
АНУ гурван компанид хориг арга хэмжээ авлаа

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, Умард Солонгос руу хууль бус тээвэрлэлт хийсэнтэй холбогдуулан гурван компани, нэг хүнд хориг арга хэмжээ авлаа гэж АНУ-ын Сангийн яам өчигдөр мэдэгдлээ.

Энэхүү хориг арга хэмжээнд БНХАУ, Сингапурын хоёр компани, ОХУ-ын тээвэр зуучийн нэг компани болон тус компанийн ерөнхий менежер Василий Колчанов өртсөн байна. Мөн хориг арга хэмжээний хүрээнд тэдний АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, АНУ-ын аж ахуйн нэгжтэй бизнес хийхийг нь хориглох ажээ.

БНХАУ болон Сингапурын компаниуд Умард Солонгос руу согтууруулах ундаа, тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн экспортолж байгаа бөгөөд энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл юм гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэлдээ дурдлаа.

Харин Оросын компани боомтын үйл ажиллагаагаараа дамжуулан Умард Солонгосын хөлөг онгоцнуудыг цэвэршүүлсэн газрын тос тээвэрлэхэд нь наад зах нь 6 удаа үйлчилгээ үзүүлсэн байна.

АНУ-ын энэ удаагийн хориг арга хэмжээ нь Умард Солонгосын цөм болон пуужингийн хөтөлбөрийн санхүүжилтийг таслан зогсоох зорилготой ажээ. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин энэ асуудалтай холбогдуулан, Умард Солонгосыг цөмийн зэвсгээр бүрэн ангижруулах хүртэл эдгээр хориг арга хэмжээг цуцалж болохгүй гэж мэдэгдэв.
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.