Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани өчигдөр мэдэгдэхдээ “Каспийн тэнгисийн эрхзүйн статусын тухай Каспийн Конвенци нь тус бүс нутаг руу цэргийн хүчээ илгээх гэсэн АНУ ба НАТО-гийн төлөвлөгөөг тасалдууллаа” гэлээ.
“Каспийн тэнгисийн эрэгт цэргээ буулгаж, Америкийн хөлөг онгоцууд, нисдэг тэргүүд, цэргийн баазуудыг энд авчрахаар АНУ, НАТО хуйвалдаж байсан. Гэвч уг Конвенцийн дагуу Каспид гадаадын хөлөг онгоцууд зорчих болон цэргийн баазууд байгуулахыг хориглосон. Каспийн тэнгисийн орон зайд байгаа аливаа хөлөг онгоц нь Каспийн эргийн дагуух 5 улсын аль нэгнийх нь төрийн далбааг мандуулсан байх ёстой” гэж Ираны Ерөнхийлөгч хэлэв.
Аюулгүй байдлын үүднээс авч үзвэл уг Конвенци нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Энэ сарын 12-ны өдөр Каспийн орнуудын 5 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болж, ОХУ, Казахстан, Иран, Азербайжан, Туркменистан улсын төрийн тэргүүн нар Каспийн тэнгисийн эрхзүйн статусыг тодорхойлж буй Конвенцид гарын үсэг зурсан билээ. Конвенцийг боловсруулах ажил 1996 оноос хойш явагдсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 4-5-нд Москвад болсон Каспийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтаар Конвенцийн төслийг эцсийн байдлаар зөвшилцсөн юм.
24news.mn