Өнөөдөр буюу баасан гарагт Өмнөд Солонгос болон Катар улсын гадаад хэргийн сайд нар Сөүл хотноо яриа хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх хийгээд Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал болон бүс нутагт тулгамдаад буй бусад асуудлыг хэлэлцэв гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв.
“Катарын гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдулрахман бин Джассим Аль Танигийн айлчлалын дараа хоёр талын хамтын ажиллагаа улам бэхжинэ хэмээн найдаж байна” гэж Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Ха уулзалтын үеэр тэмдэглэжээ.
“Солонгос болон Катар нь урт хугацааны турш харилцан ашигтай найрсаг харилцааг хөгжүүлсээр ирсэн билээ. Ялангуяа, энэ чухал цаг үед хийж буй таны айлчлал уг харилцааг улам бэхжүүлэх юм” гэж Кан Кюн Ха онцлон тэмдэглэсэн байна.
“Манай хоёр улс нь “маш эерэг, бүтээмжтэй” харилцааг хөгжүүлж ирсэн билээ. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд талууд ихээхэн хүчин чармайлт гаргана хэмээн найдаж байна” гэж Катарын гадаад хэргийн сайд бөгөөд ерөнхий сайдын орлогч Мухаммед бен Абдулрахман бин Джассим Аль Тани мэдэгджээ.
“Бид маш олон салбарт хамтран ажилладаг. Ялангуяа эрчим хүч, аж үйлдвэрийн салбарыг онцлох нь зүйтэй. Энэхүү хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
24news.mn