Туркийн нийслэл Анкара хот дахь АНУ-ын элчин сайдын яамны байр руу автомашинаас галт зэвсгээр буудсан хоёр этгээдийг баривчилсан тухай Туркийн засаг захиргаанаас мэдээлэв.
Өчигдөр буюу даваа гарагийн өглөө АНУ-ын элчин сайдын яамны байр оршдог гол гудамжаар өнгөрч явсан автомашинаас 6 удаа галт зэвсгээр буудсан хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Бууны сум хаалга болон харуул хамгаалтын байрны цонхийг оносон байна. Уг хэргийн улмаас хүний амь эрсдээгүй юм.
“Халдлага үйлдсэн хоёр эрэгтэйг баривчилж, буу болон тээврийн хэрэгслийг нь хураан авсан” гэж аюулаас хамгаалах газрын удирдлагууд даваа гарагийн орой мэдээлсэн ажээ. Сэжигтнүүд уг халдлагыг хамтран үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
Халдлага үйлдсэн этгээдүүдийг шуурхай баривчилсанд талархаж буйгаа АНУ-ын элчин сайдын яамнаас Туркийн засгийн газар болон цагдаагийн газарт илэрхийлжээ.
24news.mn