Өнгөрсөн онд цахилгаан дугуй унаж явахдаа ухаалаг утсаа ашиглан анхаарал болгоомж алдсаны улмаас нэгэн явган зорчигчийг мөргөж, үхэлд хүргэсэн 20 настай эмэгтэйд ногдуулсан 2 жил шоронд хорих ялыг эдэлж эхлэх хугацааг 4 жилээр хойшлуулах шийдвэрийг даваа гарагт болсон шүүх хуралдаанаас гаргасан тухай “Киодо” агентлаг мэдээлэв.
Тухайн үед их сургуулийн оюутан байсан Мику Морино гэгч эмэгтэй нь өнгөрсөн оны 12-р сарын 7-нд зүүн гартаа гар утас, баруун гартаа ундаа барьсан, зүүн чихэндээ чихэвч зүүсэн байдалтай цахилгаан дугуй унаж явахдаа 77 настай явган зорчигч Акико Ёнэзаваг мөргөсөн байна. Энэ явдлаас хоёр хоногийн дараа А.Ёнэзава нас барсан аж.
Дугуй унаж явахдаа ухаалаг гар утас ашиглах нь ноцтой аюулд хүргэдэг болохыг дээрх осол олон нийтэд харуулсан юм. Мөн өнгөрсөн зургадугаар сард Ибараки мужийн Цукуба хотод их сургуулийн 19 настай оюутан залуу 62 настай явган зорчигч эрэгтэйг мөргөж, аминд нь хүрсэн хэрэг гарсан юм. Тухайн үед уг оюутан мөн л ухаалаг гар утсаа ашиглаж явсан байна.
24news.mn