Кени улстай худалдаа болон аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ.
Хятад улс Африк тивд асар их хэмжээний зээл тусламж олгож, хөрөнгө оруулалт хийж байгаатай холбогдуулан АНУ-ын зүгээс ийм алхам хийж байгаа аж.
АНУ-ын төрийн тэргүүн Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеняттаг даваа гарагт Цагаан ордондоо хүлээн авч уулзсан байна. “Манай хоёр улс маш сайн харилцаатай билээ” гэж Д.Трамп яриагаа эхлүүлжээ.
АНУ-ын өмнөх удирдагчидтай харьцуулахад Д.Трамп нь Африк тивийг бага сонирхдог ба ойлголт ч тааруу аж. Тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Африкийн улсуудыг доромжилсон үгээр тодорхойлсон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ.
Кени улстай харилцаагаа сайжруулах гэсэн Д.Трампын энэхүү оролдлогыг Хятадыг хяналтандаа байлгахад чиглэсэн үйлдэл гэж ажиглагчид үзэж байна.
Кени улс 1963 онд тусгаар тогтносон цагаас хойш тус улсад хэрэгжүүлсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн нэг болох холын зайн төмөр замыг Хятад улс санхүүжүүлсэн юм. Ирэх долоо хоногт Бээжинд болох олон улсын бага хуралд Африкийн олон орны удирдагчид оролцох юм байна.
24news.mn