2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Азийн спортын наадмын хаалтын ёслолын үеэр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангана

Индонезийн нийслэл Жакарта хотын “Гелора Бун Карно” цэнгэлдэх хүрээлэнд ирэх ням гарагт буюу есдүгээр сарын 2-нд болох Азийн спортын 18-р наадмын хаалтын ёслолын ажиллагааны үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, цэрэг болон аюулаас хамгаалах бусад байгууллагын нийт 9422 албан хаагч ажиллана гэж тус улсын цагдаагийн ерөнхий газрын дарга Тито Карнавиан пүрэв гарагт мэдэгдэв.

Дээрх албан хаагчдаас гадна гал түймэртэй тэмцэх газар, эмнэлгийн түргэн тусламж болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэмэлтээр ажиллах юм байна.

“Наймдугаар сарын 18-нд эхэлсэн Азийн спортын наадам амжилттай үргэлжилсээр байна. Аюулгүй байдлын талаар санаа зовоосон онцгой асуудал гараагүй.  Азийн наадмын хаалтын ёслолын үеэр эмх замбараагүй байдал болон осол аваар гарахгүй хэмээн найдаж байна” гэж Т.Карнавиан хаалтын ёслолын талаархи уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэжээ.

Уг уулзалтад Жакарта хотын цагдаагийн газрын өндөр албан тушаалтнууд оролцсон ба Индонезийн цэргийн командлагч Маршалл Хади Тхажанто болон “Азийн наадам-2018” тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Эрик Тхохир тэргүүтэй төлөөлөгчид оролцсон аж.

Хаалтын ёслолын үеэр нээлтийн ёслолын үеийнхтэй нэгэн адилаар “Гелора Бун Карно” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.