Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болоод байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ.
"Иргэдийн дийлэнх нь энэ сарын 1-нээс 9-ний хооронд орон гэргүй болж, Идлиб мужийн хойд хэсэг рүү буюу Туркийн хил рүү дүрвэсэн. Энэ нь ОХУ болон Сирийн Засгийн газрын хүчний газар, агаарын довтолгоо эрчимжсэнтэй холбоотой" гэж тэрбээр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд цугласан сэтгүүлчдэд мэдэгджээ.
Мөн тэрбээр, ширүүн мөргөлдөөн өрнөж байгаагийн улмаас Идлиб мужид дэд бүтэц сүйдэх, энгийн иргэд амиа алдах, шархдах, орон гэргүй болох асуудал газар авч байгаатай холбоотойгоор тус мужид байгаа 3 сая орчим иргэний нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр Идлиб мужийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин өнгөрсөн долоо хоногт Тегеран хотод болсон Турк, ОХУ, Ираны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Сирийн хямралыг цэргийн хүчээр бус дипломат арга замаар зохицуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.
Гэвч Сирийн Засгийн газрын хүчин зэвсэгт бүлэглэлүүдийн томоохон түшиц газар болох Идлиб мужид өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдсэн байна.
Үүнд НҮБ-аас хариу мэдэгдэл хийхдээ, энэ ажиллагаа 21 дүгээр зууны хамгийн том хүмүүнлэгийн гамшгийг үүсгэж болзошгүй гэж анхааруулав.
24news.mn