Марокко улсын хойд эргийн Надор хотын ойролцоо цагаачдын завь осолдсоны улмаас хууль бус 11 цагаач иргэн амиа алдсан ба 31 хүнийг аварсан гэж тус улсын засаг захиргааны төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.
“Аварсан хүмүүсийг нэн даруй орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд завийг жолоодож явсан Мали гаралтай этгээдийг баривчилсан. Мөн хууль бус цагаачдын аяллыг зохион байгуулсан хүнийг эрэн сурвалжилж байна” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.
Марокко улс нь Европ тивийг зорьсон Африкийн цагаач иргэдийн дамжин нэвтрэх гол зам болдог юм. Жил бүр олон мянган цагаач иргэн Мароккогоос Испанийн боомт хотууд болох Сеута болон Мелильяг зорин газраар харин Испани болон Итали улс руу усан замаар дамжин хүрэхийг оролддог ажээ. Сүүлийн саруудад хууль бус цагаачдын урсгал улам нэмэгдэх болсон байна.
“Энэ оны эхний найман сарын хугацаанд хууль бус цагаачдыг тээвэрлэсэн 54 мянган тохиолдол бүртгэгдсэн ба үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 мянгаар өссөн байна” гэж холбогдох албаны төлөөлөгч мэдээлжээ.
24news.mn