2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хуситууд Йемений Ерөнхийлөгч агсаны хоёр хүүг суллажээ

 Йемений Ерөнхийлөгч агсан Али Абдалла Салехын хоёр хүүг хуситуудын “Ансар Алла” хөдөлгөөний босогчид суллажээ. Энэ тухай хуситуудын хяналтад байгаа САБА агентлаг Йемений Дотоод хэргийн яамны мэдээллээс иш татан уламжилжээ.

Йемений Ерөнхийлөгч агсан Али Абдалла Салехын төрөл төрөгсөд болон хоёр хүүг хуситууд Сана хотын нисэх онгоцны буудалд НҮБ-ын нисэх онгоцонд суухыг хориглосон учир тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эх орноосоо явж чадсангүй гэж САБА агентлаг урьд нь Иорданы дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан дамжуулсан байна. НҮБ-ын онгоц Иорданы нийслэл хотоос Йемен рүү ниссэн боловч босогчид Сана хотын нисэх онгоцны буудалд буухыг хориглосны улмаас Амман руу буцахаас аргагүйд хүрчээ.

Хуситуудын хяналтад байгаа хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, НҮБ-ын нисэх онгоц Амманаас ниссэнийхээ дараа Саудын Аравийн Жидда хотод буусан бөгөөд тэнд уг онгоцыг сайтар шалгасан байна.

“Салах Али Абдалла, Мудин Али Абдалла Салех нарыг улс төрийн дээд зөвлөлийн тэргүүний өршөөлөөр суллалаа” гэж эх сурвалж хэлснийг САБА агентлаг уламжилжээ.

Үүний сацуу, НҮБ-ын нисэх онгоц Ерөнхийлөгч агсаны хүүхдүүдийг авахаар лхагва гарагт Сана хотын нисэх онгоцны буудалд буусан бөгөөд Иорданы нийслэл Амман руу хэдийнэ ниссэн гэж телевизийн “Al-Hadath” суваг Сана хотын нисэх онгоцны буудал дахь эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.

Али Абдалла Салех 1978 оноос хойш Йемен улсыг удирдаж байгаад 2012 онд тус улсад гарсан улс төрийн хямралын улмаас огцорсон билээ. Тэрбээр тухайн үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Абд Раббу Мансур Хадид төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгсөн юм. 2014 онд төрийн эрх мэдлийг булаан авч, Хадиг Саудын Арави руу зугтан гарахад хүргэсэн хуситуудын эргэлтийг Салех болон түүнд үнэнч цэргийнхэн дэмжиж байв.

2017 оны арванхоёрдугаар сард хуситууд Салехыг Саудын Аравитай харилцаагаа сайжруулах зорилготой байна гэж сэжиглэн хөнөөсөн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.