БНСУ-ын нярайн төрөлтийн тоо өнгөрсөн наймдугаар сард дахин буурсан үзүүлэлттэй гарсан тухай тус улсын засгийн газраас лхагва гарагт гаргасан тайланд мэдээлэв.
“Наймдугаар сард 27 мянга гаруй хүүхэд шинээр мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.3 хувиар буурсан үзүүлэлт болсон” гэж Статистикийн хорооноос мэдээлжээ.
Мөн энэ оны эхний найман сарын хугацаанд төрсөн хүүхдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд, 8.7 хувь буюу 220 мянгаар буурсан дүнтэй гарсан байна.
2015 оны 12 дугаар сараас хойш энэхүү үзүүлэлт сар тутам буурсан дүн үзүүлж байгаа бөгөөд тус улсын засгийн газраас үүний эсрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаас үл хамааран өнгөрсөн онд шинээр мэндэлсэн хүүхдийн тоон үзүүлэлт урьд өмнө байгаагүй хамгийн их бууралтыг үзүүлсэн ажээ.
БНСУ-д шинээр төрж буй хүүхдийн тоо буурч байгаа нь алсдаа хүн амд эзлэх өндөр настнуудын тоо нэмэгдэх, ажиллах хүчний тоо багасахад хүргэж, улмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх учир энэ нь Өмнөд Солонгосын эрх баригчдын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд БНСУ-ын засгийн газраас төрөлтийн тоог нэмэгдүүлэх зорилгоор олон хүүхэдтэй гэр бүлүүдэд тэтгэмж олгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаанд 80 их наяд вон /72 тэрбум ам.доллар/-ыг зориулаад байгаа ажээ.
Үүний зэрэгцээ наймдугаар сард 24 мянга орчим хүн нас барсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
24news.mn