Бүгд Найрамдах Донецк Ард Улсын /БНДАУ/ тэргүүний сонгуульд Денис Пушлин, харин Бүгд Найрамдах Луганск Ард Улсын /БНЛАУ/ тэргүүний сонгуульд Леонид Пасечник тэргүүлж байна. Одоогийн байдлаар саналын хуудсын тал гаруй хувийг тоолж дуусчээ.
Өөрийгөө зарлан тунхагласан БНДАУ болон БНЛАУ-ын сонгууль 11 дүгээр сарын 11-нд болсон бөгөөд сонгуулийн ирц өндөр үзүүлэлттэй гарсан байна. Луганскт нийт сонгогчдын 77 хувь нь саналаа өгсөн бол Донецкт сонгогчдын ирц 80.1 хувьтай байна.
Бүгд Найрамдах Донецк Ард Улс
Тус улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Денис Пушилин саналын хуудсын 76.43 хувийг тоолсон байдлаар сонгогчдын 61.5 хувийн саналыг авчээ. Түүний дараагаар 12.4 хувийн санал авсан Роман Хроменков орж байна. Энэ улсын тэргүүний суудлын төлөө нийт таван нэр дэвшигч өрсөлджээ.
Харин Ардын зөвлөлийн сонгуульд “Бүгд Найрамдах Донецк Улс”, “Чөлөөт Донбасс” гэсэн нийгмийн хоёр хөдөлгөөн оролцсон бөгөөд “Бүгд Найрамдах Донецк Улс” хөдөлгөөн хамгийн олон буюу 76.1 хувийн санал авсан байна.
Бүгд Найрамдах Луганск Ард Улс
Тус улсын тэргүүний суудлын төлөө дөрвөн хүн өрсөлдсөн бөгөөд тэргүүний үүргийг түр гүйцэтгэж байгаа Леонид Пасечник тэргүүлж байна. Санал хуудсын 63 хувийг тоолсон байдлаар тэрбээр сонгогчдын 68.32 хувийн саналыг авчээ. Пасечникийн удирддаг “Луганскийн энх тайван” нийгмийн хөдөлгөөн парламентын сонгуульд 74.28 хувийн санал авснаар тэргүүлж байна. Харин “Луганскийн эдийн засгийн холбоо” хөдөлгөөнд сонгогчдын 25.05 хувь нь саналаа өгчээ.
Өөрийгөө зарлан тунхагласан тус хоёр улсын сонгуулийн явцыг 20 гаруй улсын олон улсын ажиглагчид ажиглаж байна.
24news.mn