2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Гондурасын цагаачид Мескикийн хөдөлгөөн ихтэй замыг хаажээ
Гондурасаас ирсэн цагаачид баасан гарагт Мексик улсын хамгийн хөдөлгөөн ихтэй замуудын нэг болох Мехико-Керетаро замын хөдөлгөөнийг хаасан тухай “Televisa” суваг мэдээлжээ.
 
Нийтдээ 500 орчим цагаач ачааны автомашинуудын жолооч нар тэднийг машиндаа суулгахаас татгалзсаныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Тепоцотлан хотын төлбөртэй зам дээр гарцгаасан байна. Эдгээр цагаач АНУ-тай хил залгаа оршдог Тихуана хот руу явж байгаа юм.
 
Эцэст нь 100 орчим хүн хоосон ачааны машинуудад суун явж чадсан боловч үлдсэн цагаачид төлбөрийн цэгийн орчимд үлджээ. Хэдэн цаг хүлээлгэсний дараа Мексикийн эрх баригчид эсэргүүцлийн газар руу автобусууд явуулж, цагаачид аян замаа үргэлжлүүлэх боломжтой болжээ.
 
Дээрх хүмүүс бол Гондурасаас хөдөлсөн цагаачдын хоёр дахь цуваанд багтсан дүрвэгчид юм. Цагаачдын эхний цувааны 2000 орчим хүн Тихуана хотод хэдийнэ иржээ. Хотын оршин суугчид болон цагаачид хооронд мөргөлдөөн болсон байна. Тихуанагийн иргэд Гондурасын цагаачид хотод нь ирсэнд дургүйцэж байгаа аж. Хотын эрх баригчид цагаачдад түр орогнох эрх олгожээ. АНУ-ын эрх баригчид хууль бус цагаачдыг хилээр нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэж байгаа боловч гондурасчууд тус улсын нутаг дэвсгэрт нэвтэрнэ гэж найдсаар байна.
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.