2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хэлсэн үгээ санаач Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ

“..Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна. Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг. “ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.10.04/ Энэ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж, төрийн жолоог атгасан У.Хүрэлсүхийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг. Ард иргэдийн итгэлийг хамгаалахын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэдэг эрс ширүүн мэдэгдлийг чуулганы индрээс хийж байв. Ард түмэн хэлсэн үгийг нь чих тавин сонссон. Жинхэнэ монгол эр хүний хэв шинжит дүр төрхийг бүрдүүлсэн гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд иргэдийн итгэл хүлээлгэсэн нэг жил албан тушаалын тэмцлээс хэтэрсэнгүй. Одоо л олон нийт хийтэй мэдэгдэл, уран үгээр эмч, багш нарыг цалинг нэмж, шатахуун, валютын ханшийг бууруулдаггүй юм байна гэдгийг бодитоор мэдэрч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрийг хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдах юу хийсэн юм бэ. Иргэдийн аж амьдрал түүний амлаж байснаар өөдлөн дэвшив үү. Харин ч эсрэгээрээ бензиний үнэ тэнгэрт хадтал өсч, үүнийг дагаад өнөөх гурил, будаа, сахар зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгдөв. Багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардаж, Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийв. Хамгийн хачирхалтай нь анх удаа 9 дүгээр сарын 1-нд бяцхан сурагчид хичээлийн танхимдаа биш цоожтой хаалганы цаана өнжсөн. Шинэ хувцсаа өмсч, ангийнхантай уулзахаар хөөрцөглөж байсан сурагчид багш нарын жагсаалыг бас нэгэн “золиос” болсон билээ. Ерөнхий сайд 2018 оныг төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон зарласан. Гэтэл эсрэгээрээ төрийн албаны хямралын жил болж орхив. Бодлого боловсруулах учиртай төрийн яаманд албан тушаалын маргаан даамжирч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн аймшигт хэрэг гарлаа. Хэсэгтээ нийгмийг айдаст автуулав. Яамыг толгойлж байсан сайд, дэд сайд нар ажлаа өгснөөр энэхүү газрын даргын амь насанд хүрсэн хэргийг хав дараад өнгөрүүлэхийг оролдлоо. Даарин дээр давс гэгчээр удалгүй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий гишүүд хамраалал бүхий хүмүүст бага хувийн хүүтэй зээл авч өгсөн нь илчлэгдлээ. У.Хүрэлсүхийн кабинетын ҮХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн эхнэр хүртэл энэ сангаас зээл авсан нь илчлэгдэж, албан тушаалаа өглөө. Салбарын сайд нь давуу эрхээ ашигласан нь ёстой л нөгөө чононд хонь хадгалуулахын үлгэр гэгч боллоо. “Надаас болон миний Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй” гэж чуулганы индрээс тунхаглан зарлаж байсан У.Хүрэлсүх Ерөнхий сайд ганц сайд огцруулаад нийтийн бухимдлыг нам дарна гэж төлөвлөсөн нь байгаа оносонгүй. Нийгмийн цахим сүлжээгээр “Бид уучлахгүй” аян өрнөж, жирийн иргэдийн боломжийг хулгайлсан улстөрчдөд хариуцлага тооцохыг У.Хүрэлсүхээс шаардах боллоо. Гэтэл өнөөх зоригтой, зүрхтэй Ерөнхий сайд маань бүлх залгисан мэт чимээгүй байсаар. Саяхны чуулганы нэгдсэн хуралдаанд асуулгад хариулах байснаа “Нуруу өвдлөө” гэж шалтаглаад ирсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төр бужигнаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх баахан зам харайв. Хотын дарга Су. Батболдыг огцруулах тогтоол гаргаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа. Иргэд яг үнэндээ улстөржилтөөс залхаж байна. Ард иргэдэд шатахууны үнэ тогтворжиж, валютын ханш буурч, гар дээр авдаг цалин нь хэдэн төгрөгөөр нэмэгдэн, хүүхдүүд нь чанартай боловсрол эзэмшиж байх л чухал байна. Одоо иргэд Ерөнхий сайдаас сүржин мэдэгдэл, хоосон амлалтаас илүүтэй бодитой үр дүн хүлээж байна. Хэлсэн үгээ эргэж нэг санаач Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, таны хамгийн их айдаг ард түмний итгэл аль хэдийнэ алдарчихаад байна.

Б.Гүнбилэг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.