БНХАУ-ын Олон улсын импортын үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын компаниуд БНХАУ-ын компаниудтай олон салбарт хэд хэдэн гэрээ, хэлэлцээрийг байгуулсан бөгөөд эдгээр нь хоёр улсын бизнесийн харилцааг улам бүр өргөжүүлэх болно гэж ОХУ-ын шинжээч мэдэгдлээ.
"Эдгээр гэрээ, хэлэлцээрийн үр дүн эерэг байна гэдэгт бид найдаж байна. ОХУ-ын компаниуд болон тэдгээрийн бараа бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгаа. Энэ бол эргэлзээгүй гайхалтай амжилт юм" гэж ОХУ-ын Экспортын төвийн ерөнхий захирал Андрей Слепнев “Xinhua” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
БНХАУ-ын Олон улсын импортын үзэсгэлэн энэ сарын 5-10-ны хооронд болсон бөгөөд үүнд 130 орны 2800 гаруй компани оролцсоны 100 гаруй нь ОХУ-ын компани байсан байна.
Хүнс, технологи, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үнэт эдлэл харилцан нийлүүлэх чиглэлээр хоёр улсын компаниуд олон гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын 500 сая ам.долларын үнэ бүхий хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Сычуань, Хубэй, Гансу мужуудад нийлүүлэх гэрээг байгуулсан тухай Андрей Слепнев дурдлаа.
Мөн уг үзэсгэлэнгийн үеэр Хятадын “Alibaba” групп ирэх таван жилийн хугацаанд 120 гаруй орноос 200 сая ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг БНХАУ руу импортлох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн билээ.
24news.mn