Мексик улстай залгаа баруун өмнөд хил дээр байрлаж буй Америкийн цэргүүд Зул сарын баяраар гэртээ харина гэж “Politico” сонин тус улсын армийн дэслэгч генерал Жеффи Бьюкенен мэдээлснийг иш татан уламжилжээ.
Бьюкенений хэлснээр, Мексиктэй залгаа хил дээр одоо байрлаж байгаа АНУ-ын 5800 цэрэг энэ долоо хоногоос буцаж эхэлнэ. Эхний ээлжинд гэртээ харих цэргүүдийн тоонд инженер-логистикийн анги нэгтгэлүүдийн алба хаагчид багтсан байна.
“Цэргүүдийг эргүүлэн татах бидний эцсийн хугацаа бол 12 дугаар сарын 15 юм. Энэ өдрийг хойшлуулах тухай надад ямар нэг тушаал өгөөгүй байна” гэж Бьюкенен мэдэгджээ.
Хэдийгээр Талархлын өдрийг тохиолдуулан цэргүүдийг гэрт нь хариулахыг уриалсан боловч АНУ-ын цэргүүд Мексиктэй залгаа хил дээр “хэр хугацаа шаарддаг нь төдий чинээ хугацаанд” байх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн тухай урьд нь “Hill” сонинд мэдээлсэн байна.
АНУ-ыг чиглэн хөдөлсөн цагаачдын цуваа Мексик нутгаар явж байгаа юм. Мексикийн эрх баригчдын хамгийн сүүлд мэдээлснээр, цуваанд 3600 гаруй хүн явж байгаа бөгөөд өөр 1750 цагаач тус улсад түр оршин суух эрх хүсчээ. Үүнээс гадна, зарим цагаач Гватемал, Мексикийн хил дээр үлдсэн байна. Өөр хоёр цуваа Сальвадороос АНУ-ыг чиглэн хөдөлжээ.
Хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд Мексиктэй залгаа хил дээр 15 мянга хүртэл тооны цэрэг байрлуулна гэж Трамп урьд нь мэдэгдсэн билээ. Гэхдээ хууль журмын дагуу өгсөн хүсэлтийг АНУ-ын эрх баригчид судалж үзэхэд бэлэн гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
24news.mn