Төв Америкийн цагаачдыг Америк руу нэвтрэхээс хамгаалах зорилгоор Мексиктэй залгаа хилийг хаана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгдэв.
“Бид хяналтаа алдах юм уу хүмүүс бэртэж гэмтэж эхлэх аваас хилийг түр хугацаанд хаах хүртэл арга хэмжээг авна” гэж АНУ-ын төрийн тэргүүн Флорида муж улсад Талархлын баярын амралтаа өнгөрүүлэх үеэрээ сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Хилийг бүхлээр нь хаах болно. Автомашиныг олноор үйлдвэрлэдэг Америк руу Мексикчүүд автомашин худалдах боломжгүй болно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Ядуурал, хүчирхийлэл, хавчлага ихтэй гэх шалтгаанаар Хондурас, Гватемал болон Эл Салвадорын цагаачдын цуваа АНУ-ын хилийг зорин олон долоон хоногийн турш алхсаар байгаа юм. Тэдний дийлэнх нь АНУ-аас орогнол хүсэх хүсэлтэй байгаа ажээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, мянга гаруй цагаач иргэн Мексикийн хилийн Тихуана хотод хэдийнэ ирээд байгаа аж.
Үүний зэрэгцээ хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Мексиктэй залгаа Америкийн өмнөд хилийн дагуу цэргийн олон мянган албан хаагчийг байрлуулаад байгаа билээ.
АНУ-ын төрийн тэргүүний мэдээлснээр, хил дээрх цэргүүд шаардлага гарсан тохиолдолд хүч хэрэглэх эрхтэй аж.
24news.mn