2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
"Шар хантаазтнууд" Елисейн талбайд үймээн дэгдээжээ

Францад “шар хантаазтнууд” буюу татвар болон шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал боллоо. Нийслэл Парис хотын Елисейн талбайд зохион байгуулахыг зөвшөөрөөгүй жагсаал цуглаан ноцтой үр дагавар дагуулсан эмх замбараагүй байдал болж даамжирчээ.

Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанерын мэдээлснээр, ““шар хатнаазтнуудын”  бямба гарагт зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагаанд 103 мянга 300 хүн оролцсон байна”. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн жагсаалд оролцогчдоос хамаагүй цөөн тоо аж. “Францад нийтдээ 1617 жагсаал зохион байгуулсан бөгөөд 130 хүнийг саатуулж, хорьсон” гэж Кристоф Кастанер мэдээлжээ.

Парис хотын Цагдаагийн газрын мэдээлснээр, нийслэл хотод болсон эсэргүүцлийн арга хэмжээнд 8000 хүн оролцсоны 5000 нь Елисейн талбайд жагссан байна. Энд 42 хүнийг баривчилжээ. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр наад зах нь 24 хүн гэмтэж бэртсэний  тав нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд аж. 

Парис хотоос гадна өөр хэд хэдэн томоохон хотод эсэргүүцлийн ажиллагаа болжээ. Бордо хотод 12 мянган хүн жагссан боловч ноцтой үйл явдал бүртгэгдээгүй байна. Мөн үймээн самуун болж даамжраагүй жагсаал Лион хотод болсонд 8000 хүн оролцжээ. Гэхдээ Парис хотыг Лион хоттой холбож, Францын өмнөд зүг рүү очдог гол замын хөдөлгөөнийг хаасан байна.

“Шар хантаазтнууд” эсэргүүцлийн ажиллагаагаа ням гарагт төдийгүй ирэх долоо хоногт үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Улс оронд нь болсон үйл явдалтай холбоотойгоор Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон “Twitter” дэх хуудастаа жагсагчдын хүч хэрэглэсэн үйлдлийг буруушаасан байна. “Нутаг нэгтнүүд рүүгээ, сэтгүүлчид рүү халдсан тэр хүмүүс бол гутамшиг. Франц улс хүчирхийлэлд өртөх газар байх ёсгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.