Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Мелания Трамп нар зул сарын баярын гацуур модны гэрлэн чимэглэлийг албан ёсоор асаах ёслолын арга хэмжээнд оролцсон байна.
Энэхүү уламжлалт арга хэмжээг 96 дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ бөгөөд арга хэмжээний үеэр Д.Трамп бүх хүнд зул сарын мэндийг дамжуулжээ.
ЛОКАШ, Спенша Бейкер, Габби Барретт, Эбби Андерсон болон бусад уран бүтээлчдийн тоглолтын дараа арга хэмжээг дуусах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч энэ онд тус улсад дэгдсэн байгалийн гамшигт үзэгдлүүдийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Д.Трамп хэлэхдээ, “Бид бүгд нэгэн Америк гэр бүл, бид хамтдаа шаналж, хамтдаа уй гашуугаа тайлах болно” гэжээ. Мөн албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа харамсалтайгаар амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын талаар мөн дурссан байна.
Энэ төрлийн анхны арга хэмжээг 1923 оны зул сарын баярын өмнөх өдөр зохион байгуулж байсан бөгөөд тухайн үед Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Калвин Кулиж гурван мянган үзэгчийн өмнө зул сарын баярын гацуур модны гэрлийг асааж байжээ.
Зул сарын баярын аварга том гацуур модыг тойруулан АНУ-ын бүх муж улс болон нутаг дэвсгэрээс ирсэн 56 жижиг гацуурыг чимэглэн засдаг байна.
24news.mn