Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ паспорт “Passport Index” чансааг тэргүүлснээр дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорт болсон тухай тус улсын “The National” сонинд мэдээлсэн байна.
“Дэлхий ертөнц АНЭУ-ын ард иргэдэд үүд хаалгаа нээж байна” гэж дээрх мэдээлэлд тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч, шейх Мухаммед бен Рашид Аль Мактум тайлбар өгөхдөө мэдэгджээ.
"Энэ чансаа нь АНЭУ-ын хувьд дэлхийн тавцанд итгэлтэй, идэвхтэй хүчийг харуулсан найрсаг дипломат харилцаа юунд хүргэж болдгийг харуулж байна" гэж тус улсын Гадаад хэргийн сайд, шейх Абдулла бен Заед онцлон дурдсан байна.
АНЭУ-ын паспорт 2021 он гэхэд дэлхийн хамгийн хүчирхэг паспортын нэг болоход чиглэсэн “Passport Force” хэмээх санаачилгыг тус улсын ГХЯ урьд нь хэрэгжүүлж эхэлсэн аж. 2016 оны чансаанд Эмирт улсын паспорт 27 дугаарт орж байжээ.
“Passport Index” жагсаалтыг гаргахдаа тухайн улсын паспортыг эзэмшигч хэдэн оронд визгүй зорчдог болон ирснийхээ дараа виз авч зорчих боломжтой орнуудын тоог харгалздаг байна.
Өнөөдрийн байдлаар АНЭУ-ын иргэд дэлхийн 167 оронд визгүйгээр аялах боломжтой. Тус улс анх удаа 166 оронд визгүй зорчдог паспорттай Сингапурыг гүйцэж түрүүлжээ.
24news.mn