2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Л.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон

Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуунтай Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын талаар болон уг байгууллагад Монгол Улс элсэх шаардлагатай, эсэх асуудлаар ярилцлаа. 

-ШХАБ-д Монгол Улс анх ажиглагчийн статустай болоход Та Гадаад хэргийн сайдаар ажиллаж  байсан. Энэ байгууллага  үүссэн түүх, замнал,Монгол Улс ажиглагч болсон тухай  ярьж өгнө үү?

-ШХА-ны байгууллага анх 1996 онд “Шанхайн 5” нэртэй сууриа тавьж байсан.ОХУ, БНХАУ, Тажикистан, Киргиз, Казахстан гэсэн таван улс анх энэ байгууллагыг байгуулахдаа  өөр хоорондын хилийн асуудлыг зохицуулах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зорилготой байсан.

Дараа нь 2001 онд Узбекистан элсэн орж, тэр үеэс байгууллагын хувьд институтцлэгдэж, өөрийн дүрэм, бичиг баримтаа боловсруулж гаргасан.

Монголыг Төв Азид оршдог улсын хувьд манайд ОХУ, БНХАУ-ын зүгээс элсэх саналыг тэр үед тавьж байсан. Би тэр үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Бид 2001 оноос урд, хойд хөршүүдийн Гадаад яамныхантай уулзах зэргээр  гурван жил судалж, энэ байгууллагын үйл ажиллагаанд  оролцох нь зүйтэй юм байна  гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Тэгээд эхний ээлжинд ажиглагчаар оролцох  тухай  улстөрийн шийдвэрийг Засгийн газар гаргаж, миний бие Узбекистанд болсон ШХАБ-ын дээд хэмжээний  хуралд оролцож,2004 онд улсаа ажиглагч болгож байсан. 

Өнөөдөр энэ байгууллагад Азийн нөлөө бүхий Энэтхэг, Пакистан улс элсээд байна.  Энэтхэг дэлхийн хамгийн олон хүн амтай, ардчилсан, эрчимтэй хөгжиж байгаа улс. Энэ  хоёр улс  элссэнээрээ ШХАБ-ын нэр хүндийг өсгөж байна. Монгол, Афганистан, Беларусь, Иран гээд ажиглагч дөрвөн улсаас гадна яриа хэлцээний  түншлэл гээд зургаан улс байна. Эдгээр нь  Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, ШриЛанк улс  байдаг. Эдгээр улс  ШХАБ-ыг сонирхоод, яриа хэлцээнд оролцоод явж байна.

-Саяхан Эдийн засгийн форум дээр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын ШХАБ-ын ажиглагч статусыг дээшлүүлнэ гэсэн утгатай хэлсэн. Энэ үгийг Та юу гэж дүгнэсэн бэ. Монгол Улс ШХАБ-д элсэх шаардлагатай юу?

-Ерөнхийлөгч Баттулга статусаа дээшлүүлье гэж яг хэлээгүй л дээ.Гэхдээ энэ байгууллага дахь манай оролцоог шат ахиулах  агуулгатай үг хэлсэн санагдаж байна. Энэ бол гишүүнээр элсэнэ гэж шууд хэлсэн үг биш.Мэдээж гишүүнчлэлийн санаа байгааг үгүйсгэхгүй. Би  аль ноднингоос эхлээд өөрийн санаа бодлоо  хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж ирсэн. Би ШХАБ-д Монгол Улс  гишүүнээр элсэх нь зүйтэй гэж хэлээд явж байгаа.  

-Яагаад?

-Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улс хамгийн түрүүнд өөрийн геополитикийнхоо орчныг бодитойгоор харах хэрэгтэй. Бид далайд гарцгүй. Дэлхийн хамгийн том хоёр улсын дунд хавчигдмал байдалд байгаагаа  бодитоор хараад, эндээс хөгжлийн гарцаа олох хэрэгтэй. 

Хаяа дэрлэсэн Орос, Хятадтай сайн хөршийн харилцаагүйгээр Монгол хөгжиж яавч ч чадахгүй.   

Манай улсын хөгжлийн нэг гол угтвар нөхцөл бол хоёр хөрштэйгээ бүх талын хамтын ажиллагаатай байх нь чухал. Улстөрийн сайн харилцаатай байхын зэрэгцээ эдийн засаг, худалдаа, соёлын  өргөн харилцааг хоёр хөрштэйгээ хоёулантай нь бэхжүүлэн хөгжүүлэх  ёстой. Монгол Улс хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцана гэсэн гадаад бодлогын үзэл баримтлалтай. Гэтэл одоо энэ тэнцвэр байна уу? Энэ тухай зөвхөн би ч биш судлаачид, за ер нь хүн бүр ярьж байгаа.

Зөвхөн худалдааны эргэлтээр л аваад үзэхэд гадаад худалдааны бараг 70 хувь нь, экспортын 90-ээд хувь нь Хятадтай байна. Эдийн засагчид “Аль нэг оронтой  эдийн засаг, худалдааны эргэлт 40 хувьд хүрэхэд л тухайн орны хараат болдог” гэж хэлдэг биз дээ. 

Социализмын үед манай улсын  эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны  90 хувь нь ЗХУ-тай байсан.ЗХУ-аас бүх талаар хамааралтай байсан биз дээ. Гэтэл одоо урд хөршөөс хэт хамааралтай болчихсон.  Тэгэхээр Гадаад бодлогын үзэл баримтлалд байгаа тэнцвэртэй харилцах тухай заалтаа хэрэгжүүлээд явах шаардлага зайлшгүй урган гарч байна.

 Хоёр хөрштэйгөө   тэнцвэртэй харилцаад  зогсохгүй бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн сонирхлыг нь Монголд бий болгох хэрэгтэй. 

Хоёр хөршийн тэнцвэр дээр  гуравдагч хөрш орж ирж байж адил талт  гурвалжин үүснэ.Ингэж манай улсын бие даасан байдал улам бэхэжнэ.

 Гуравдагч хөршийн үзэл баримтлалын төслийг бид 2003 онд ҮАБЗ-д оруулж байсан. Харамсалтай нь тухайн үедээ хэлэлцэгдэлгүй явсаар байгаад бүр 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчилж эхлэх үед энэ санааг тусгасан билээ. Тэр үед миний гаргасан бүх санал бодлыг  шинэчилсэн редакцид тусгасан гэдгээ  Гадаад хэргийн яамнаас надад хэлж байсан.

-ШХАБ-ын шийдвэрт Орос, Хятад хоёр голлох нөлөөтэй оролцдог уу. Хэрвээ Монгол бүрэн эрхт гишүүнээр элсвэл гуравдагч хөршийн бодлого хаагдах аюул ирэх үү?

-ШХАБ хаалттай байгууллага биш гэдгээ зарлачихсан шүү дээ. Хэрвээ хаалттай байгууллага байсан бол энд яагаад эвсэлд нэгдээгүй Энэтхэг,Пакистан хоёр бүрэн эрхт гишүүнээр орчихдог билээ гээд бодоод үз.  ШХАБ-д ажиглагч болохоор   Бангладеш, Сири, Египет, Израиль,Малдив,Украин,Ирак, Вьетнам, Бахрейн,Катар зэрэг  улс хүсэлтээ гаргасан байдаг. Хэрвээ хаалттай байсан бол эдгээр улс хүсэлт гаргах уу?  

Монгол Улс ШХАБ-д элссэнээр  гуравдагч хөршөөсөө салах  бол бид  элсэх шаардлагагүй,ямар ч талаар ашиггүй биз дээ.  2011 онд батлагдсан манай Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн тухай тодорхой заалт тусгагдсан байгаа шүү дээ.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал бол хууль. Тиймээс энэ хуульд харшлахаар бол элсч болохгүй л дээ. ШХАБ-д элслээ гээд бусад ертөнц хаагддаг юм бол дэлхий ертөнцтэй асар өргөн худалдааны харилцаатай Энэтхэг элсэх  байсан уу?  АНУ, баруун Европ, Ази гээд дэлхийн 100 гаруй улстай харилцдаг улс шүү дээ.

Тиймээс ШХАБ-д элссэнээр гуравдагч хөрштэй харилцах харилцаанд бэрхшээл үүснэ гэдэг үндэслэл муутай зүйл. 

ШХАБ-ын дүрэмд  тус байгууллагын гишүүн болсноор бусад улстай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн санаа  байдаг.  

-ШХАБ шийдвэрээ ямар зарчмаар гаргадаг вэ? 

-ШХАБ шийдвэрээ нийтийн тохиролцоогоор гаргадаг.Энэ ойлголтыг англиар “consensus” гэж нэрлэдэг л дээ.  Consensus-ын тодорхойлолтыг НҮБ-ээс 1990-ээд оны эхээр гаргасан байдаг санагдана.  “Нийтийн тохиролцоо” гэдэг бол шийдвэр болж гарсан тухайн баримт бичгийн заалт бүрийг  бүх улс 100 хувь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш.  

-ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа яагаад багасчихсан юм бэ,ер нь?

-Ер нь би үүний гол бурууг өөрийн үе үеийн  Засгийн газруудад  л тохмоор байна. Гэхдээ 2000-2004 онд бидний хүчин чармайлтаар ОХУ-тай харилцах харилцаанд томоохон дэвшил гарсныг зайлшгүй тэмдэглэх хэрэгтэй. Тухайн томоохон үр дүн бол их өрийг тэглэсэн явдал байсан.  Түүнээс хойш гарч ирсэн Засгийн газрууд тэр ахиц дэвшлийг үргэлжлүүлээд, урагшлуулаад авч яваагүй нь харамсалтай.

Оросууд бидэнд байнга хэлдэг нэг зүйл нь “Маргаашийн юмаа ярихаасаа өмнө эхлээд урьд өмнө, өчигдөр тохирсон юмнуудаа ярьж, биелэлтийг гаргая, дараа нь өнөөдрийн, тэгээд маргаашийн юмаа ярья” гэдэг.

Гэтэл бид ярьж, тохирсон асуудлуудаа хэрэгжүүлэхгүй явсаар ирснийг бид бүгдээрээ л мэдэж байгаа.

Нэг үгээр Оросууд Монголын төр, засагт итгэл алдарчихаад байна. Итгэл алдарна гэдэг хамгийн ноцтой зүйл.  Тэр итгэлийг эргээд олж авахад нэг, хоёр жил биш, магадгүй 10, 20  жил ч  шаардагдаж мэднэ. Харин ШХАБ-д элссэнээр алдсан итгэлээ олж авах эхний нэг том алхам болох юм биш үү.

Одоо бид өөрсдөө идэвх санаачлагатай ажиллах л үлдэж байна. Ингэхийн тулд  Засгийн газар ОХУ-тай харилцаагаа өөд нь татах үүднээс алсын хараатай, томоохон бодлогын баримт бичиг, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллавал зүйтэй болов уу.

Мэдээж тэр баримт бичиг нь зөвхөн Ардын намын Засгийн газраар дэмжигдэх биш, бусад намууд, эрдэмтэн мэргэдийн оролцоотойгоор гарах ахул удаан хугацаанд хэрэгжих суурь болж өгнө. 

 -ШХАБ-ын нэгдлийг цэрэг, улстөрийн эвсэл болохоор зорьж яваа гэж зарим хүн дүгнэж байна. Ингэж дүгнэх нь хэр оновчтой вэ?

-Энэ байгууллагын тухай янз бүрээр ярьж байгаа хүмүүсийн дотор УИХ-ын гишүүд ч, судлаачид ч  байна. Гэтэл ШХАБ  цэрэг, улстөрийн эвсэл биш гэдгээ зарлачихсан байгаа. 

ШХАБ-ын  хамгийн гол зорилго бол аюулгүй байдлаа бэхжүүлэх, терроризм, салан тусгаарлах, хэт даврах үзэл болон мансууруулах бодисыг хил давуулан зөөвөрлөхтэй тэмцэх юм.  Өнөөдөр  салан тусгаарлах, хэт даврах үзэл маш олон оронд томоохон гай тарьж байна. Тиймээс бид энэ бүхнийг  зөв ойлгож, олон улсын хүчин чармайлтад бага ч гэсэн хувь нэмэр оруулж байх шаардлагатай л даа.

Юуны өмнө энэ утгаар ШХАБ-д хандах хэрэгтэй. Мөн эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, батлан хамгаалах, хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллана гэж дүрмэндээ тусгасан байдаг.   Бүтцийн хувьд төр, засгийн тэргүүнүүдийн зөвлөл,засгийн тэргүүнүүдийн зөвлөл,Гадаад хэргийн сайд нарын зөвлөл гэх мэт бүтэцтэй.

Мөн терроризмын эсрэг тэмцэх бүсийн бүтэц, банкуудын нэгдэл,нарийн бичгийн дарга нарын газар  гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.  Олон улсын байгууллагын хувьд байгуулагдаад 20-иод  жил болно гэдэг тийм ч урт  удаан хугацаа бас биш.  Гэхдээ цаашдын чиг баримжаа нь ойлгомжтой болсон гэж бодно.

-Саяхан ГХЯ-наас зохион байгуулсан ШХАБ-ын талаарх  хэлэлцүүлэгт Та оролцсон уу?

-Гурав хоногийн өмнө ГХЯ-наас зохион байгуулсан хэлэлцүүлэг үр дүн сайтай болсон гэж үзэж байна. Гадаад хэргийн яам ч сайн бэлтгэжээ.  Би Гадаад хэргийн  яамнаас бэлдсэн мэдээлэл,хийж буй гол дүгнэлтүүдтэй санал нийлж байгаагаа илэрхийлсэн  Мэдээж хэлэлцүүлэг учраас хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлэх нь зүй. Мэргэжлийн ахмад, дунд, залуу үеийн дипломатчид оролцож, бүгдээрээ л үг хэлсэн.Хэлэлцүүлэгт оролцсон дипломатчуудын  олонх нь Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болжээ гэсэн санааг илэрхийлж байна лээ. 

-Гадаад хэргийн яам ШХАБ-д элсэх санал оруулж ирсэн гэсэн үг үү?

-Гадаад хэргийн яам яг элсье гэсэн юм байхгүй л дээ. Гол нь ШХАБ-д ажиглагч болсноос хойшхи үйл явцыг дүгнэж, бидний санал бодлыг сонсч, хэлэлцүүлэг хийж байгаа нь  чухал. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа төвийг сахих асуудлыг санаачилж гаргаж ирснийг Та бүхэн санаж байгаа. Тухайн үед энэ асуудлаар  мэргэжлийн байгууллагын саналыг авч, ийм хэлэлцүүлэг хийснийг би санахгүй байна. Гэнэт л НҮБ дээр очоод төвийг сахина гээд үг хэлчихсэн. Тэгээд тэр асуудал нь Монголдоо эргэж ирээд нурчихсан шүү дээ. Энэ саналыг би нэг бус удаа хатуухан шүүмжилж байсан.  Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг нэг хүн шийддэг гэсэн дохиог гадныханд өгч болохгүй шүү дээ.

Өнөөдөр ч гэсэн зарим хүн төвийг сахина л  гээд яриад байх юм. Жишээ нь, хоёр хөршийн хувьд төвийг сахина гэж яриад байх юм.  

Гадаад бодлогод төвийг сахих гэдэг үгийг хэрэглээд байхаар үзэл баримтлалаасаа гажаад зогсохгүй  ард иргэдийг төөрөгдөлд оруулж байна. 

-Монгол Улс ШХАБ-д 14 жил ажиглагч статустай яваад өнөөдөр элсэх асуудал хөндөгдөж байна.Ажиглагч байснаар Монгол ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдэг асуудлыг дүгнэх боломжтой юу?

-Ажиглагчийн статус гэхлээр тодорхой асуудал хэлэлцэж байгаа ажлын хэсэг, хороодод ажил хэрэгчээр оролцох бололцоогүй.  Тийм учраас Монгол ирээдүйгээ бодож, улстөрийн шийдвэрээ гаргах цаг болсон гэж бодож байна. Бид өнөөдөр XIX, XX зуунд амьдраагүй, XXI зуунд амьдарч байна шүү дээ. Өнөөдөр дэлхий ертөнц ганц жижигхээн орчин болчихлоо. Хүсвэл хэнтэй ч нэг, хоёр секундэд холбогдоод ярих боломжтой болсон. Бид дэлхийн интеграцад  нэгдье гэвэл бөөрөндөө байгаа байгууллагадаа элсэх л ёстой. 

Эх сурвалж : http://www.gereg.mn/news/22597/

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.