БНХАУ-ын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчилснаараа АНУ болон Канад-ын эрх баригчид хууль тогтоомжийг зөрчсөн гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт АНУ болон Канадын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар уулзаж, хууль тогтоомжид үндэслэн дараагийн арга хэмжээг авах тухай хэлэлцсэн юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Хуа Чуньин даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, тус хоёр улс хууль тогтоомжийг мөрдөхөөр болсон нь гайхмаар явдал гэжээ.
“Huawei” компанийн өндөр албан тушаалтныг Канадад баривчилсан хэргийг Х.Чуньин зэмлэн буруушаагаад, АНУ болон Канадын эрх баригчид Мэн Ваньжоуг баримт нотолгоогүйгээр, шалтаглан баривчилсан гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр Канадын Засгийн газраас М.Ваньжоуг суллахыг, АНУ-ын Засгийн газраас баривчлах зөвшөөрлөө цуцлахыг тус тус шаарджээ.
24news.mn