2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Сайжруулсан түлш агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэв

Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард "Тавантолгой Түлш” ХХК-ийг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан. "Эрдэнэс Монгол” компани "Тавантолгой Түлш” ХХК-д энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт олгож, үйл ажиллагааг нь эхлүүлж, өнгөрсөн хугацаанд мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан байна. Тэрчлэн тус  компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нээлтээ хийгээд буй.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах  үндэсний хөтөлбөрийн хүрээнд уг үйлдвэр байгуулагдсан юм. Үйлдвэр энэ онд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх бол 2019 онд хүчин чадлыг нэмэгдүүлж, 600 мянган тоннд хүргэж, 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно гэж тус компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар нээлтийн үеэр хэлж байсан.

Нийслэлийн гэр хорооллын өрхүүд жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр жилд 600 мянган тонныг түлнэ гэсэн судалгааг хийгээд байна. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурах боломжтой байгаа аж. Түлшний нөөцөө бэлтгэхээс гадна сайжруулсан, шахмал түлш нь өнөөдөр худалдаалагдаж буй түүхий нүүрснээс үнэ хямд байх ёстойг Ерөнхий сайд анхааруулсан юм.

Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнхийг гэр хорооллын яндангийн утаа үүсгэдэг. Утаанаас салах хамгийн үр дүнтэй шийдэл нь иргэдийг орон сууцжуулах явдал. Гэвч ойрын хугацаанд бидэд яндантайгаа зууралдахаас өөр боломж байхгүй тул сайжруулсан түлш хэрэглэж, утааны хор хохирлыг бууруулах замыг төр сонгоод байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.