Нигер улсын Засгийн газрын цэргүүд хуурай замын болон агаарын цэргийн хүчний оролцоотой томоохон ажиллагаа явуулах үеэрээ хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн 200 гаруй босогчийг устгасан байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдээлэв.
Засгийн газрын арми Нигерийн зүүн өмнөд нутагт Чад нуурын орчим дахь босогчдын байрлал руу давшсан байна. “Цэвэрлэгээ хийх томоохон ажиллагааг өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд эхлүүлсэн” гэж Нигерийн Батлан хамгаалах яамны мэдээлэлд цохон тэмдэглэжээ.
Мөрөн, нуурын ойролцоох намаг балчигтай газруудыг “Боко Харам”-ын босогчид нуувч, зэвсгээ хадгалах газрын хувиар ашиглаж байгаа аж. Үүний сацуу, “ажиллагаа явуулах үеэр Нигерийн арми хохирол амсаагүй” болохыг тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.
Хөрш Нигери улсын Засгийн газрын цэргийн баазууд 2018 онд “Боко Харам”-ын босогчдын халдлагад байнга өртөж байсанд Нигерийн эрх баригчид ихээхэн түгшиж буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн байна.
Хэт давруу үзэлтэй лалын шашинтнуудын “Боко Харам” бүлэглэл Нигери улсын хойд болон зүүн хойд нутагт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус бүлэглэлийн босогчид мөн хөрш Нигер, Камерун болон Чад улсын нутаг дэвсгэрт халдлага үйлддэг.
“Боко Харам”-ын босогчид 2009 оноос хойш Чад нуурын сав газрын орнуудад 30 мянга гаруй хүний аминд хүрчээ. Үүнээс гадна, 2.6 сая гаруй хүн дүрвэгч, шилжин суурьшигч болсон бол мөргөлдөөний бүсэд буй 11 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна.
Тус бүлэглэл 2015 оны гуравдугаар сард террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнч тангараг өргөжээ.
24news.mn