2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Треви” усан оргилуурт хуримтлагддаг мөнгийг хотын төсөвт оруулах шийдвэр маргаан дэгдээжээ

 Италийн нийслэл Ром хотын “Треви” усан оргилуурт хуримтлагдсан зоосон мөнгийг соёл болон бусад төрлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулах шийдвэрийг тус хотын зөвлөл гаргасан нь олон нийтийн дунд маргаан дэгдээж байна.

Дэлхийн алдартай дурсгалт газруудын нэгд тооцогддог тус усан оргилуурт жил тутам 1.5 сая евро буюу 1.7 сая ам.доллар хуримтлагддаг ажээ. Домогт тэмдэглэснээр, хэрэв та хөшөө рүү нуруугаа харуулан зогсож байгаад зоосон мөнгийг мөрөө давуулан шидэж, усан оргилуурт оруулж чадвал Ром хотод эргэж ирнэ хэмээн үздэг аж.

Усан оргилуурт хуримтлагдсан мөнгийг өдийг хүртэл буяны санд хандивлаж, ядуу зүдүү, орон гэргүй хүмүүст туслахад зориулж байжээ. Харин Ром хотын санхүүгийн нөхцөл байдал доройтох болсонтой холбогдуулан дээрх хуримтлалыг хотын төсөвт оруулах шийдвэрийг хотын дарга гаргасан байна.

Италийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хотын зөвлөл энэхүү шийдвэрийг өнгөрсөн сард баталсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болсон аж.

Харин усан оргилуурын хуримтлалыг хүлээн авдаг байсан буяны байгууллагынхан хотын зөвлөлийн гаргасан шийдвэрийг эрс шүүмжилж, хотын хамгийн ядуу иргэдийн мөнгийг авах гэж байна хэмээн үзэж байгаа ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.