2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Колумбийн Цагдаагийн академид халдлага үйлджээ

 Пүрэв гарагт Колумбийн нийслэл Богота хот дахь Цагдаагийн академийн байр руу амиа золиослогч этгээд автомашинтай дайран орж, тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас есөн хүн амь үрэгдсэний зэрэгцээ 50 гаруй хүн шархадсан тухай орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.

Халдлага болох үеэр цагдаагийн газрын олон албан хаагч, гэр бүлийн хамтаар Цагдаагийн академийн байранд зохион байгуулсан арга хэмжээнд оролцохоор цугласан байжээ. Уг халдлагын хариуцлагыг аль нэг террорист бүлэглэл хүлээгээгүй байна.

Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке уг халдлагыг террорист халдлага хэмээн тэмдэглээд, манай ард түмэн хүчирхийллийн өмнө толгой бөхийхгүй гэж мэдэгджээ.

Колумбийн Засгийн газар болон Засгийн газрыг эсэргүүцэгч “Колумбийн Хувьсгалт зэвсэгт хүчин” /FARC/ бүлэглэлийн төлөөлөгчид 2016 онд энхийн хэлэлцээр байгуулсан билээ. Мөн Үндэсний чөлөөлөх армийн /ELN/ босогчидтой энхийн яриа хэлэлцээг үргэлжлүүлсээр ирсэн юм.

И.Дуке хэлэхдээ, Колумбийн Хувьсгалт зэвсэгт хүчинтэй байгуулсан энхийн хэлэлцээрийг дахин нягталж, Үндэсний чөлөөлөх армитай хийсэн яриа хэлэлцээгээ сунгах шаардлагатай болсон байна гэжээ. Тэрбээр Колумбийн Ерөнхийлөгчийн албыг зургаан сарын өмнөөс хашиж эхэлсэн билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.