АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нар лхагва гарагт утсаар ярилцаж, тогтмол холбоотой байхаар тохиролцсон тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Дональд Трамп Венесуэлийн Ерөнхийлөгчөөр өөрийгөө зарласанд нь Хуан Гуайдод баяр хүргэхээр түүнтэй утсаар ярилаа. Тэд Венесуэл улсын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх болон хоёр орны харилцааг сэргээх зорилгоор тогтмол холбоотой байхаар тохиролцсон” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна.
Венесуэлийн парламент буюу Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдо энэ сарын 23-нд өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ. Мөн энэ өдөр АНУ, Лимагийн бүлгийн улсууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон бусад хэд хэдэн улс түүнийг түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн юм.
Венесуэлийн нефть олборлогч "PDVSA" компанийн эсрэг Вашингтон энэ сарын 29-нд хориг тогтоож, АНУ-ын банкууд дахь Венесуэлийн хөрөнгийн зарим хэсэгт хяналт тавих эрхийг Гуайдод шилжүүлэн өгчээ.
Хэрэв Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро найм хоногийн дотор сонгууль явуулахаа мэдэгдэхгүй бол Гуайдог түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрнө гэж Их Британи, Герман, Испани, Нидерланд, Франц зэрэг Европын орнууд нэгдүгээр сарын 26-нд мэдэгджээ. Харин ОХУ, Беларусь, Болив, Иран, Хятад, Куба, Никарагуа, Сальвадор болон Турк улс Николас Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Хямралыг зохицуулах яриа хэлэлцээ хийхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалсан байна.
24news.mn