Венесуэлд улс төрийн хямрал үргэлжилж буй энэ үед гэр бүлийн гишүүдийг нь заналхийлсэн гэж өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарлаад буй Хуан Гуайдо мэдэгдэв.
“Дарангуйлагчид биднийг айлгана хэмээн бодож байх шиг байна. Цагдаагийн ажилтнууд миний эхнэрийг хайж гэрт ирсэн тухай мэдээлэл надад сая ирлээ. Гэвч би үүний төлөө энэ бүхнийг эхлүүлээгүй. Би Венесуэлийн ард түмний төлөө энэ төлөвлөгөөг эхлүүлсэн” гэж Х.Гуайдо Венесуэлийн их сургуульд үг хэлэх үеэрээ хэлжээ. Мөн тэрбээр, “Хэрэв 20-хон сартай охиныг минь айлгасан байвал хариуцлага тооцно” гэж Аюулаас хамгаалах хүчний ажилтнуудад хандан хэлсэн байна.
Өнгөрсөн сард Х.Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласнаас тун удалгүй АНУ болон Латин Америкийн хэд хэдэн орон түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ. Харин Ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ болон БНХАУ дэмжиж байгаа юм.
Ерөнхийлөгч Николас Мадурод эрх мэдлээ хадгалан авч үлдэхэд цэргийн дэмжлэг хамгийн чухал хүчин зүйл мэт харагдаж байгаа юм. Гэвч Х.Гуайдогийн хэлснээр, тэрбээр Н.Мадурог түлхэн унагаахад тусламж хүсч, цэргийнхэнтэй нууц уулзалтууд хийж байгаа аж.
24news.mn