Хятад улстай худалдааны гэрээ байгуулах хугацааг сунгаж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Хэрэв бид жинхэнэ гэрээ байгуулахад ойрхон байгаа бол би гуравдугаар сарын 1-нд дуусч буй эцсийн хугацааг хэсэг зуур сунгахыг зөвшөөрнө” гэж Америкийн удирдагч мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, АНУ болон БНХАУ-ын хооронд гэрээ байгуулах асуудлаар хийж буй хэлэлцээ одоогийн байдлаар “маш сайн” болж байгаа аж.
Трамп мөн “одоохондоо” Хятадын дарга Си Жиньпинтэй гуравдугаар сарын эцсээр уулзах бодолгүй байгаагаа мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын дараагийн уулзалт гуравдугаар сард Флорида муж улс дахь Америкийн удирдагчийн Мар-а-Лаго эдлэнд болж магадгүй гэж “Axios” цахим хуудас ням гарагт мэдээлсэн билээ.
Трамп, Си Жиньпин нар өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Аргентин улсад уулзах үеэрээ гурван сарын дотор хоёр орны хооронд худалдааны гэрээ байгуулахад чиглэсэн арга хэмжээг авахаар тохиролцсон юм.
24news.mn