Япон эмэгтэйчүүд Гэгээн Валентины баяраар эрэгтэйчүүдэд шоколад өгөхийг шаарддаг уламжлалыг эсэргүүцэж байна.
Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд Японы эмэгтэй ажилтнууд хамт ажилладаг эрэгтэйчүүддээ "giri choco" буюу "албадан шоколад" /сүүлийн үед ингэж нэрлэдэг болсон/ өгдөг байна. Мөн харж явдаг хүн эсвэл хайртай хүндээ шоколад худалдан авч бэлэглэдэг ажээ.
“Сүүлийн үед Японд Валентины баяр эцгийн эрхт ёсны бэлгэ тэмдэг мэт болон хувирсан” гэж Токио хотын “Temple” их сургуулийн Япон судлаач мэргэжилтэн Жефф Кингстон хэлсэн байна.
Токиогийн их дэлгүүрээс явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь Валентины баяраар өөрсдөдөө шоколад худалдан авна гэж хариулсан бол дөнгөж 35 хувь нь эрэгтэй хамтран ажиллагсдадаа шоколад авч өгөхөөр төлөвлөж байгаа гэх хариултыг өгчээ.
Японы чихэр үйлдвэрлэгч “Mary” фирм эмэгтэйчүүд эрчүүдэд шоколад бэлэглэхийг уриалсан кампанит ажлыг эхлүүлснээс хойш буюу 1958 оноос тус улсад Валентины баярыг тэмдэглэж эхэлсэн ажээ.
Энэ нь Өрнөдийн орнуудад хоёрдугаар сарын 14-нд эрчүүд хайртай бүсгүйдээ цэцэг, шоколад бэлэглэж, оройн зоогонд урьдаг уламжлалыг урвуулсан хэлбэр болсон байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт “Нэрд гараагүй хүмүүсийн хувьсгалт холбоо”-ны жагсагчид Валентины баярын уламжлалыг эсэргүүцэн 12 дахь жилдээ дараалан жагсжээ.
“Валентины баяр гэх мэт тэмдэглэлт өдрийн үеэр ямар ч холбоо хамааралгүй хүмүүст бэлэг өгөхийг хэрэглэгчдэд тулгасан компаниудын санаачилгыг эсэргүүцэж байна” гэж цөөн гишүүнтэй бүлгийн гишүүн Такеши Акимото хэлсэн байна.
Түүнчлэн ажилтнууд бие биедээ шоколад өгөх үед зарим ажилтан өөрийнхөө үнэ цэнийг хэр өндөр үнэтэй шоколад авснаараа мэдэх боломжтой мэт байдлыг үүсгэдэг нь дээрх бүлгийн эсэргүүцэл өрнүүлдэг гол шалтгаануудын нэг ажээ.
24news.mn