Норвегийн Нобелийн хорооноос 2019 оны Нобелийн Энх тайвны шагналд 219 хүн, 85 байгууллагыг нэр дэвшүүлсэн тухай тус хорооны албан ёсны мэдэгдэлд дурджээ.
“Энэ жил Нобелийн Энх тайвны шагналын төлөө 304 нэр дэвшигч өрсөлдөнө” гэж мэдээлэлд дурдсан байна. Энэ жилийн хувьд шагналын түүхэн дэх хамгийн олон нэр дэвшигчтэй жилүүдийн нэг болж байна. Хамгийн олон буюу 376 нэр дэвшигч өрсөлдсөн тохиолдол 2016 онд бүртгэгдэж байв.
Өнгөрсөн жилийн Нобелийн Энх тайвны шагналыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге, террорист “Лалын улс” бүлэглэлийн бэлгийн боолчлолын хохирогч, Иракийн иргэн Надя Мурад нар хүртсэн билээ.
Нэр хүндтэй энэ шагналыг 133 нэр дэвшигч хүртжээ. Хэдийгээр 1901 оноос хойш олгож байгаа боловч Дэлхийн нэг, хоёрдугаар дайн, хорооны гишүүдийн хоорондох санал зөрөлдөөн болон “уг шагналыг хүртэх эрхтэй нэр дэвшигч байхгүй байсантай” холбоотойгоор зарим жилд шагналын эзнийг тодруулаагүй байна. Хамгийн сүүлд 1972 онд ийм тохиолдол гарч байжээ.
Өнгөрсөн онд уг шагналыг 9 сая крон /1.02 сая ам.доллар/ дагалдсан байна. Энх тайвны шагналын эзэд шагналын мөнгөө ихэвчлэн буяны үйлст хандивладаг. Шагнал гардуулах ёслол Осло хотноо 12 дугаар сард уг шагналыг үндэслэгч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр болдог билээ.
24news.mn