2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Тайванийн цэргийн нууц байгууламж илэрчээ

 “Google Earth” цахим хавсралтад шинэчлэл хийсэн нь Тайванийн цэргийн зориулалттай байгууламжийг олон нийтэд ил тод болгосон тухай “South China Morning Post” цахим хуудсанд мэдээлжээ.

“Patriot” пуужингуудад зориулсан энэхүү цэргийн байгууламжийн гурван хэмжээст зураг ямар ч сарнилт байхгүй, болор мэт тунгалаг гарсан байна. Уг зургаас цэргийн байгууламжийн байршил, бүтэц зохион байгуулалт болон пуужингуудын байрлалыг харах боломжтой ажээ. 

Үүний зэрэгцээ энэхүү шинэчилсэн газрын зургаас Тайванийн Үндэсний аюулгүй байдлын товчоо, Цэргийн тагнуулын товчооны байршлыг харах боломжтойг мэдээлэлд дурдсан байна.

Тайванийн Батлан хамгаалахын сайд Йен Те Фа уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, “үндэсний аюулгүй байдлыг хөндсөн энэ асуудлыг зохицуулах ажлын хэсгийг байгуулж, “Google” компанитай хамтран ажиллаж байгаа” гэж хэлжээ.

Түүний энэ мэдээллээс үзвэл Тайванийн тал цэргийн байгууламжийн зургийг сарниулахыг “Google” компаниас хүсэх төлөвтэй байна. Мөн тус улсын цэргийн хүчин байгууламжуудынхаа өнгөлөн далдлалтыг сайжруулах ажилд анхаарлаа хандуулах биз ээ.

Сүүлийн үед технологийн хурдацтай хөгжлийн улмаас цэргийн нууц байгууламжууд ил тод болох нь хялбар болсон байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн оны 8 дугаар сард Пентагон цэргийн албан хаагчдыг үүрэг гүйцэтгэж байх үедээ байршил тогтоох системтэй төхөөрөмж, хавсралтыг ашиглахыг хориглосон байна. Ийм технологи нь “дайсныг цэргийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах боломжтой” гэж үздэг ажээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн онд АНУ-ын цэргийн сургалтад ашигладаг “Android” үйлдлийн системтэй хоёр хавсралт цэргийн албан хаагчдыг эрсдэлд оруулж болохуйц нууц материалыг агуулж байсныг илрүүлсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.