2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Австрали 1 тэрбум мод тарина

Австралийн эрх баригчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор ирэх 30 жилийн хугацаанд 1 тэрбум мод тарихаар шийджээ. Энэ том ажлыг эхлүүлсэн болохоо Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.

Мод тарих төсөл нь Парисын уур амьсгалын гэрээнд тусгасан зарим зорилтод хүрэхэд Австрали улсад тус дөхөм болно гэж үзэж байгаа аж. Тус улс уг гэрээнд 2016 онд нэгджээ.

Төслийн эхний үе шатыг хэдийнэ эхлүүлсэн бөгөөд Тасмани арал дээр нийт 12.5 сая австрали долларын /8.9 сая ам.доллар/ өртөг бүхий ойн үржүүлгийн газрыг нээсэн байна. Харин 2020 онд Шинэ Өмнөд Уэльс, Өмнөд Австрали, Виктория, Баруун Австралид ойн үржүүлгийн газруудыг байгуулна.

Өнөөдрийн байдлаар Австрали улс жилд 500 сая орчим тонн хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд мод тарих төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд хаягдал 18 сая тонноор багасна гэж байгаль хамгаалагчид үзэж байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.