Этиоп улсын агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX 8” нисэх онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын нэгийнх нь ар гэрийнхэн “Boeing” корпорацыг АНУ-ын шүүхэд өгчээ. “Reuters” агентлагийн пүрэв гарагт мэдээлснээр, уг ослын дараа тус корпорацын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан анхны тохиолдол энэ болж байна.
Онгоцны ослоор амиа алдсан зорчигч Руанда Жексон Мусонигийн ар гэрийнхэн нислэгийн хяналтын автомат системийг зохион бүтээхдээ алдаа гаргасан гэж “Boeing” компанийг буруутгаж байгаа аж. Тэд АНУ-ын Иллинойс муж улсын Чикаго хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
"Ethiopian Airlines" компанийн “Boeing 737 MAX 8" загварын нисэх онгоц энэ сарын 10-нд осолдож, онгоцонд сууж явсан 157 хүн бүгд амиа алдсан билээ. Ослын шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна. Уг осолтой холбогдуулан Хятад, Индонез, Вьетнам, Сингапур, Малайз, Аргентин, Мексик, Бразил, Их Британи зэрэг улс "Boeing 737 MAX" загварын нисэх онгоцны нислэгийг зогсоох шийдвэр гаргасан. Мөн Европын Холбооны гишүүн орнуудад нислэгийг зогсоосон байна. Дэлхийн улс орнуудаас хамгийн сүүлд "Боинг-737 Макс”-ийн нислэгийг зогсоосон улс нь АНУ юм.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд Индонез улсын агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 MAX 8" загварын нисэх онгоц дотоодын нислэг үйлдэхээр ниссэнээсээ 13 минутын дараа Явагийн тэнгист унасан билээ. Ослын улмаас багийн найман гишүүн, 181 зорчигч бүгд амиа алдсан юм.
Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын урьдчилсан дүгнэлтийг үзвэл, ойр ойрхон гарсан хоёр осол нь шинэ загварын “Boeing 737 MAX 8” онгоцонд суурилуулсан "MCAS" цахим системд гарсан алдаанаас үүдэлтэй байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.
24news.mn