2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Монгол Улс серфингийн холбоонд гишүүнээр элсжээ

Монгол болон Оман Олон улсын серфингийн холбоонд гишүүнээр элсжээ. Ингэснээр тус холбооны гишүүдийн тоо 106 болсон байна.

Монгол болон Оманыг холбоондоо нэгтгэсэн нь серфингийн спортын төрөл өргөжин тэлж байгаагийн илрэл юм гэж Олон улсын серфингийн холбоо мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Токио-2020 олимпын наадмын тэмцээний төрөлд серфинг анх удаа орж байгаатай холбоотойгоор Ази тивд энэхүү спортын төрлийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа Олон улсын серфингийн холбоо мэдэгдэлдээ онцолсон байна.

“Монгол Улс нь далайд гарцгүй хэдий ч Олон улсын серфингийн холбооны гишүүн боллоо. Далай, тэнгис байхгүй ч гэсэн усан сангийн технологи, сэлүүрт тавцан зэргийг ашиглан энэхүү спортоор хичээллэх боломж бий. Монголын Үндэсний олимпын хорооны зөвшөөрөл болон Олон улсын серфингийн холбооны батламжаар Монголын серфингийн холбоо тэмцээн уралдаан зохион байгуулж, клубуудын сүлжээг бий болгохын зэрэгцээ Ази тивийн бусад гишүүн оронтой хамтран ажиллаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан энэхүү спортыг улс орон даяар таниулж, дэлгэрүүлэх зорилго тавин ажиллана” гэж мэдэгдэлд дурджээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.