2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ливийн хүчний агаарын цохилтыг НҮБ буруушаажээ

Ливийн нийслэл Триполи хотод үйл ажиллагаа явуулж буй цорын ганц нисэх онгоцны буудлыг хаахад хүргэсэн агаарын цохилтыг буруушаасан мэдэгдэлийг НҮБ гаргасан байна. 

“Mitiga” олон улсын нисэх буудлын ойролцоо болсон мөргөлдөөний улмаас нислэгүүд хойшилж, зорчигчдийг нүүлгэн шилжүүлжээ. Хэн нэгэн амиа алдсан тухай мэдээлэл байхгүй байна.

НҮБ уг агаарын цохилтод Триполи хотыг эзлэн түрэмгийлэхийг оролдож буй командлагч Генерал Халифа Хафтарын цэргийн хүчнийг буруутгажээ.

“Агаарын цохилт иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг онилоогүй” гэж Х.Хафтарын хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилсан байна.

Триполи хотыг НҮБ-ын дэмжлэгтэй Ливийн Засгийн газрын хяналтаас авна гэдгээ Ливийн Үндэсний армийн удирдагч, Генерал Х.Хафтар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Харин тус улсын Ерөнхий сайд Файез аль-Серраж түүнийг төрийн эргэлт хийхийг завдаж байна хэмээн буруутгажээ.

“Триполи хотын эргэн тойронд болж буй мөргөлдөөний улмаас наад зах нь 2800 хүн дүрвэсэн” гэж НҮБ мэдээлжээ. Үүний зэрэгцээ сөргөлдөгч талуудын мөргөлдөөний улмаас амин чухал үйлчилгээнүүд тасалдах эрсдэл үүсэж буйг анхааруулсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.