2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Израилд парламентын сонгууль эхэллээ

Израил улсын парламентын сонгуулийн санал хураах байрууд мягмар гарагт орон нутгийн цагаар 07 цагт нээгджээ.

Энэ удаагийн сонгуульд 40 нам, эвсэл оролцож байна. Олон нийтийн дунд хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Израил улсын одоогийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн “Ликуд” нам болон тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан Бени Ганц тэргүүтэй төвийн үзэл баримтлагч "Кахоль-Лаван" буюу Израилын төрийн далбааны өнгөөр нэрлэсэн “Цагаан-Цэнхэр” эвсэл сонгуульд ялах магадлал өндөр байна.

Гэвч сүүлийн хэдэн сард явуулсан санал асуулгын дүнгээс харахад ялах магадлалтай намууд байнга өөрчлөгдөж байжээ. Үүний зэрэгцээ 120 суудал бүхий Кнессет буюу парламентад дор хаяж 61 суудал авснаар эвслийн Засгийн газар байгуулахад Бени Ганцыг бодвол Нетаньяхуд илүү хялбар байх болно гэдгийг санал асуулгуудын дүн харуулсан байна.

Сонгогчид саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнг санал хураах байрууд 22 цагт хаагдмагц нийтлэх бол саналын хуудсыг хэдэн цагийн дараа албан ёсоор тоолж эхэлнэ. Кнессетэд суудал авсан намын төлөөлөгчидтэй Израил улсын Ерөнхийлөгч Реувен Ривлин ирэх долоо хоногт уулзаж зөвлөлдсөний дараа  депутатуудын нэгд эвслийн Засгийн газар эмхлэн байгуулах үүрэг өгнө. Хуулийн дагуу, Ерөнхий сайдын албан тушаалд парламентад олонхын суудал авсан намын дарга нэр дэвших боловч сайд нарын танхимыг бүрдүүлэх үүргийг тус улсын Ерөнхийлөгч нам нь олонхын санал аваагүй боловч тогтвортой эвсэл байгуулах чадвартай улстөрчид өгч болдог аж.

Израилын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, энэ удаагийн сонгуульд 6.34 сая сонгогч саналаа өгөх боломжтой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.